Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж олон мундаг тамирчдын нэгтээ бид энэ удаа ярилцлаа. Түүнийг Н.Энхнаран гэдэг. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад цолтой нэгэн. Төрийн хүнд хэцүү албыг хашихын зэрэгцээ өөрийн дуртай спортоороо уйгагүй хичээллэж, “Жесоло-2025” таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон гурван алт, нэг мөнгө медаль хүртэж, дэлхийн аварга болсон юм. Ийнхүү түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Анх таеквондо гэдэг спорттой танилцсан, хичээллэж эхэлсэн түүхээсээ худваацахгүй юу?
-Би Их засаг их сургуулийг 2009 онд төгссөн юм. Энэ сургуульд Иргэнийн аюулгүй байдал, бие хамгаалал гэдэг мэргэжлээр суралцаж төгссөн. Энэ мэргэжил маань олон улсын таеквондогийн спортод суурилдаг. Тэгж л анх энэ спорттой танилцсан даа. Цагдаагийн албанд ч энэ спортоороо холбогдож орсон. Ер нь арван жилээ төгссөөд цагдаа болохыг их мөрөөддөг байлаа. Тэгээд төгсөөд шалгалт өгөх гэхэд эмэгтэй сурагч авдаггүй гэх шалтгаанаар орж чадаагүй юм.
-Цагдаагийн албанд хэзээ орсон бэ?
-2011 онд анх Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт ажлын гараагаа эхлүүлсэн. Дараа нь иргэний аюулгүй байдлын газар зургаан жил ажилласан. Одоо бол ЦЕГ-ын дотоод хяналт аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажилладаг.

-Цагдаагийн алба цаг завгүй ажил. Энэ их ажлын хажуугаар таеквондогийн спортоороо хичээллэх зав нь хэр их гардаг юм бол?
-Цагдаагийн алба угаас цаг наргүй. Хажуугаар нь спортоо авч явахад мэдээж хүндрэлтэй байдаг. Гэхдээ л зохицуулна даа. Би бол ажлаасаа нэг цагийн ч чөлөө авч энэ спортдоо зарцуулж үзээгүй. Төрийн алба хаагч учраас яг л өглөө 08:00 цагаас орой 05:30 цаг хүртэл ажиллах ёстой бол ажлаад илүү цагаар ажиллах ётсой бол ажлаад, ажил спорт хоёроо тэнцүү авч явж чаддаг.
-Энэ спортоор хичээллэдэг нь цагаадгийн албанд нь ч нэлээд нэмэр болдог байх. Тийм үү?
-Цагдаагийн алба хаагч бие хамгаалах урлагт суралцсан байх ёстой. Өөрийн гэсэн бие хамгаалах чадвартай байх ёстой гэсэн үүднээс спорт маань намайг ажил албандаа байхад илүү дөхөм болдог.
-Та таеквондогийн спортоор гаргасан амжилтуудаасаа бидэнд хуваалцаач?
-Миний мэдэхийн улсын найман удаагийн аварга, Ази тивийн хошой мөнгө, хүрэл медальтай. Мөн өнгөрсөн жил Дэлхийн цомоос алтан медаль хүртсэн. Энэ жил ийнхүү энэ спортоор хичээллээд 20 жилийн дараа анх удаа дэлхийн аваргын -62 кг жинд алтан медаль хүртсэн. Төрийн алба хаагч учраас тэр бүр олон улсын тэмцээнд оролцоод байх бас боломжгүй байдаг юм.

-Ирэхэд нь ажлын хамт олных нь угтаж авсан бичлэг нэлээд олон хүний анхаарал татсан л даа?
-Манайх Хүч спорт хороотой, хэвлэл мэдээллийн төвтэй. Намайг үнэхээр гоё угтаж авсан. Түүнд сэтгэл хангалуун байгаа. Өмнө нь найз нөхөд маань тэмцээн уралдаанд яваад бид гаргаж өгч, угтаж авдаг байсан. Тэр үед хэзээ нэгэн өдөр ингэж угтуулна даа гэж бодож байсан бол энэ жил өөрөө угтаж авхуулсан.
-Дэлхийн аваргын тавцан дээр зогсож байхад юу бодогдож байв?
-Аавынхаа нэрийг л дэлхийн тавцан дээрээс дуудуулах юм сан гэсэн мөрөөдөл байсан юм. Тэгээд энэ жил бүр төрийн дууллаа эгшиглүүлээд Нямдэлэгийн Энхнаран гэж дуудуулахад үнэхээр сайхан байсан. Медалийн тавцан дээр зогсож байхад үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Алтын төлөө тоглоод дуусах хүртлээ өөрийгөө маш сайн контролдсон. Ялсныхаа дараа л өөрөөрөө, Монгол улсаараа их бахархаж байсан.

-Энэ төрлийн спортод амжилт гаргасан танаас өөр цагдаагийн алба хаагч байдаг болов уу?
-Байгаа. Сая 84 хүн дэлхийн аваргад оролцож манай улс зургаан алтан медаль авсан. Үүнээс гурвыг нь цагдаагийн алба хаагч авсанд үнэхээр бахархсан. Бие бялдар, сэтгэл зүйг энэ спорт их тогтвортой болгож өгдөг болов уу гэж боддог. Иймд энэ талаараа мэргэжилд маань их түлхэц болдог.
-Бэлтгэл сургуулилтын цагаа хэрхэн зохицуулж байв?
-Цагдаагийн алба маань их хүнд алба шүү дээ. Тэгэхээр төрийн алба хаагч, төсвөөс цалинжиж байгаа учраас тэмцээнд явах гэсэн юм аа гээд чөлөө авах нь зохимжтой биш. Миний хувьд сая дэлхийн аваргад дөрвөн төрлөөр оролцсон. Хатуугийн бэлтгэл буюу банз хугалдаг төрлөөр өглөө 7:00 цагаас цуглаж бэлддэг байсан бол тулааны бэлтгэлийг орой 06:00 цаг буюу ажлын бус цагаар бэлтгэлдээ ордог байсан.

-Таеквондогийн спорт хүний биед ямар ашиг тустай байдаг бол?
-Таеквондо гэлтгүй эцэг эхчүүд маань хүүхдүүдээ аль нэг спортоор хичээллүүлээсэй гэж боддог. Энэ спорт маань амьдрал дээр ч ажил дээр ч шийдвэр гаргах түвшинд, тулгамдсан хүнд нөхцлөөс гарахад, бие физиологид маш их тустай. Монгол хүн бүр эрүүл байхын тулд спортоор хичээллэх хэрэгтэй байна.
-Одоо ямар тэмцээнд зорьж байна вэ?
-Ирэх жил Монголд Ази тивийн аварга болно. Энэ тэмцээндээ амжилт гаргах, 2027 онд болох дэлхийн аваргад амжилттай оролцож, дэлхийн хошой аваргаыболох чин хүсэлтэй байна даа.