Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-ны өдөр /2025.10.22/ гаргасан. Мөн тус чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон.
-АН-ЫН БҮЛЭГ "ҮНДСЭН ХУУЛИА ХАМГААЛЖ ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ АВНА" ГЭСЭН МЭДЭГДЛИЙГ ГАРГАСАН Ч ЗАРИМ ГИШҮҮН НЬ УГ БАЙР СУУРИАС ЗӨРЖ Х.БУЛГАНТУЯАГ ӨМӨӨРЧ ЭХЛЭВ-
Энэ дагуу цэцээс УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болгосон 8 дугаар дүгнэлтийг гаргасан бөгөөд өчигдөр /2025.11.05/ УИХ-ын холбогдох байнгын хороодоор тус дүгнэлтийг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс дор бүрнээ тайлбар хийж, "Цэц ойлгомжгүй дүгнэлт гаргасан учир, парламент яаж хэлэлцэхээ мэдэхгүй байна" хэмээн маргасаар тарсан байдаг.
Угтаа Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байж, үүнийг УИХ хэлэлцэж, санал хураалгүй шууд хүлээж авахад болно гэх тайлбарыг зарим гишүүдийн зүгээс сануулсан ч хэсэг бүлэг нь "Х.Булгантуяаг өмөөрч, өмгөөлсөөр" тус хурлыг дуусгасан юм. Иргэд, олон нийтийн зүгээс Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг шаардаж, энэ чиглэлд шийдвэр гаргахыг анхааралтай ажиглаж байгаа.
Харин МАН-ын зарим гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг мушгин тайлбарлаж, Х.Булгантуяаг гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг хэлэлцэлгүй зөвхөн дэд даргаас нь чөлөөлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Гэвч УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулах нь улс төрийн л хариуцлага юм.
МАН-ын дээрх гишүүд дээр АН-ын бүлгийн зарим гишүүд ч нэгдсэн нь өчигдрийн хурлаас ил болж, анхаарал татав. Үндсэн хуулийн цэцийн 8 дугаар дүгнэлт, Х.Булгантуяад холбогдох асуудлыг өчигдөр хэлэлцэхтэй холбоотойгоор АН-ын бүлгээс нэг хоногийн өмнө "Үндсэн хуулиа сахин дээдэлж, хамгаална. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй" гэдэг агуулгаар нэгдсэн байр суурьд хүрч, мэдэгдэл хүртэл гаргасан.
Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан, О.Алтангэрэл, Ц.Туваан нар бүлгийнхээ нэгдсэн байр суурийг сөрж, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийн эсрэг зүйлиийг ярив.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр тогтоолын төсөл гаргах ёстой юм биш үү" гэсэн бол Ц.Туваан "Эрх мэдэл парламентад хадгалагдах ёстой. Гэхдээ одоо эргэлзээтэй болж, эрх мэдэл Цэцэд хадгалагдаж байгаа юм шиг байдал ажиглагдаж эхэллээ. Үндсэн цэцийн гишүүдийн гурвыг бид томилдог. Цэц албан тушаалтантай холбогдох асуудлыг дунд суудлаар, УИХ-ын тогтоолыг их суудлаараа хэлэлцэнэ гэсэн байдаг мөртлөө нэгтгээд хэлэлцсэн. Цэц улс төржсөн шийдвэр гаргавал яах вэ. Цэцийн хуулийг засах эрх нь бидэнд байгаа. 95 дугаар тогтоолыг хүчингүй болгосныг хүлээж авах юм уу, үгүй юм уу" гэсэн юм.
ВИДЕО:
Харин О.Алтангэрэл "Үндсэн цэцээс тодорхойгүй шийдвэрийг гаргасан. Цэц хэм хэмжээгээ даваад байж болохгүй. Цэцийн дээр Үндсэн хууль байгаа. Хуулинд хууль тогтоох дээд байгууллага парламент гээд заасан байгаа. Их суудлын хуралдаан, дунд суудлын хуралдаанаар тус тусдаа шийдэх асуудлыг яагаад хольж хэлэлцээд УИХ дээр оруулж ирж ойлгомжгүй болгоод байх юм. Би тэр танхимд байсныхаа хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хуулийг өөр өөрөөр тайлбарлаж, нэг хүнийг буруу руу түлхээд байж боолохгүй" гэсэн бол Х.Тэмүүжин "Нэг, хоёрдугаар асуудал дээр Цэцийн дүгнэлт бол эцсийн шийдвэр биш. УИХ-аар ороод хүлээж авбал эцсийн шийдвэр болно. Хүлээж аваагүй бол Цэц өөөө эцэслэн шийдвэрлэдэг Үндсэн хуулийн заалттай" зэргээр ярьсан.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ Ч МӨН ЦЭЦИЙГ УЛС ТӨРЖСӨН ХЭМЭЭН ШҮҮМЖИЛЖ, "ЦЭЦИЙН ХОНГИЛ" ҮҮССЭН ГЭВ-
Тэдэнтэй яг ижил байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн илэрхийлсэн юм. Тэд үүгээрээ Х.Булгантуяаг өмгөөлж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа бөгөөд намын бүлгийнхээ нэгдсэн байр сууриас эсрэг зүйлийг ярьж сөрсөн нь энэ юм.
ВИДЕО:
Угтаа бол УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна.
Мөн УИХ-ын гишүүний тангарагт: Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна гэж хэлдэг. Үүнээс үзвэл Х.Булгантуяа нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой дээрх хоёр заалтыг хоёуланг нь зөрчсөн байгаа юм. Гэтэл түүнд хариуцлага тооцох асуудлыг үйл явдлын дунд хаягдуулж, хамгаалж үлдэхээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийнхэн ажилласаар байгаа нь ил байгаа юм.