Б.Отгонцэцэг: “Амьжиргаа цагаан” машинаараа ачаа ачиж, таксинд яваад цуглуулсан мөнгөөрөө 17 айлд монгол гэр авч өгсөн /ВИДЕО/

Б.Отгонцэцэг: “Амьжиргаа цагаан” машинаараа ачаа ачиж, таксинд яваад цуглуулсан мөнгөөрөө 17 айлд монгол гэр авч өгсөн /ВИДЕО/

“Би өөрөө амьдралын хатууг үзэж, гэр оронгүй байхын зовлонг мэдэрч явсан болохоор гэртээ болох хүсэлтэй залуус болон хөдөлмөрийн чадамжгүй настай хүмүүст туслахаар баг багаар мөнгө цуглуулж 17 жилийн турш жил бүр нэг айлд гэр бэлэглэдэг болсон.

Би тийм баян хүн биш л дээ. Өглөөнөөс орой хүртэл “амьжиргаа цагаан” машинаа унаад ачаа ачиж, такси үйлчилгээнд явдаг. Хэдийгээр гэр бэлэглэсэн айлуудын маань ихэнх нь аваад л буцааж зарсан байдаг ч би нэг их зүйл боддоггүй ээ. Гэр орноо арчлаад явж байгаа хэдийгээ харж баярлаад л явж байдаг даа. Одоо энэ өвлөөс өмнө нэг өрх толгойлсон аав юм уу ээжид гэр бэлэглэхээр мөнгөө хурааж байна” хэмээн ярих эмэгтэйг Б.Оюунцэцэг гэдэг.

ВИДЕО: 

Түүний хувьд өглөө бүр барилгын захуудаас захиалагчийн дуудлагын дагуу ачаа тээвэрлэж, өдөртөө такси үйлчилгээнд явж, оройдоо мөн л дуудлагаар ачаа ачдаг үр хүүхдүүдээ өндөр боловсролтой болгож, бусдыг гэр оронтой болгох хүсэл тээж яваа эмэгтэй юм. Иймд бид энэ удаа түүнийг зорьж, ярилцлаа.

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Батчулууны Оюунцэцэг гэдэг. Би “амьжиргаа цагаан” машинаар ачаа ачдаг, таксинд явдаг хүн байна.

-Таныг олсон орлогоо хуримтлуулж айлуудад гэр бэлэглэдэг гэж сонссон. Энэ ажлаа хэзээнээс эхлэв. Одоогоор хэдэн айлд гэр бэлэглээд байгаа вэ?

-22 жилийн турш баг багаар мөнгө цуглуулсаар байгаад энэ жил 17 дахь айлдаа монгол гэр бэлэглэсэн. Одоо өвлөөс өмнө нэг өрх толгойлсон аав юм уу ээжид гэр бэлэглэхээр бэлдэж байгаа.

-Яагаад энэ ажлыг хийх болов?

-Миний хувьд анх хөдөөгөөс орж ирээд орцны жижүүр хийхийн хажуугаар машин угаах ажил хийдэг байсан. Тэр үед хамт ажилладаг жижүүр эгчдээ сарын цалингаа хурааж байгаад 50 мянган төгрөгөөр таван ханатай сайхан гэр авч өгч байсан. Тэндээс л ер нь хүмүүст гэр өгөх хүсэл төрж эхэлсэн юм. Түүний дараа өөрөө дөрвөн ханатай гэртэй болж, 0.7 га газраа хөөцөлдөж явсаар байгаад бүтээгээд өөрийн гэсэн гэр оронтой болж байлаа. Анхнаасаа тусалж дэмжих хүнгүй, боловсрол эзэмшээгүй хүмүүст гэр оронтой болно гэдэг хамгийн том зорилго, мөрөөдөл байдаг. Тиймээс цаашид хүмүүст өөрийн мэдэрч буй баярт мэдрэмжийг өгөхийг хүсэж, туслахаар шийдсэн. Тэрнээс хойш жил бүр нэг айлд гэр бэлэглэдэг болсон.

-Гэр бэлэглэхээр ярих үед хүмүүс хэрхэн авдаг вэ?

-Зарим хүмүүсийн хувьд монгол гэр, гэр оронтой болох гэдэг тийм том зүйл биш байх л даа. Учир фейсбүүкээр мэдээ мэдээлэл харж байгаад зовж зүдэрч байна гэх хүмүүсийг олж туслахаар шийдээд яриад ”гэр өгөх гэсэн юм аа” гэхээр бараг 60 хувь нь “өө гэр юм уу. Байр биш үү” гэж хүлээж авдаг. Одоо үед хүмүүс ер нь л байранд сонирхолтой болчихсон юм байна лээ. Гэхдээ монгол гэрийг гоё тохижуулж арчлаад амьдарвал уг нь сайхан л гэр орон шүү дээ.

-Монгол гэрээ хаанаас худалдаж авдаг вэ. Зардлын хувьд ямар үнэ ханштай байна. 

-Зардал нь янз бүр байдаг. Одоо бол хамгийн үнэтэйн 3 сая болно. Миний боломж бололцоо тийм ч сайн биш болохоор би шинэ гэр худалдаж авч чаддаггүй. Фейсбүүкт зар тавиад монгол гэрээ нэг нэгээр нь цуглуулдаг. Дараа нь цуглуулсан зүйлсээ будаж янзалж бүтэн болгоод айлдаа хүлээлгэн өгдөг дөө.

-Гэр бэлэглэсэн айлуудтайгаа холбоотой байдаг уу?

-Миний гэр бэлэглэсэн 17 айлаас одоо 7 айл нь надтай холбоотой байдаг. Бусад нь байхгүй. Зарим нь бүр намайг гэр бэлэглээд явмагц тэр гэрээ зарчихдаг юм байна лээ. Тэрийг мэдээд гайхдаг байсан. Миний яаж олсон мөнгө билээ дээ. Үр хүүхдүүдээсээ харамлаж, өөрийнхөө ходоодноос ч харамлаж цааш нь хийсэн хэдэн төгрөг шүү дээ гээд жаахан гомддог л юм. Гэхдээ зарим айлууд нь гэрээ үнэхээр гоё тордоод маш гоё авч явдаг. Хамгийн гоё авч яваа айл нь дөрвөн хүүхэдтэй савны хорт хавдартай нэг охиных. Тэр айл намайг нэг ирж цай уугаач гэж дуудахаар нь очсон. Тэгсэн гэр нь баахан шил толь болчихсон маш цэвэрхэн харагдаж байсан. Тэр нь надад маш сайхан санагдсан.

-Гэр бүлийнхэн нь энэхүү хандивын ажлыг нь дэмжиж, тусалдаг уу?

-Энэ ажлыг маань гэрийнхэн маань ч дэмждэг. Хүүхдүүд маань будаж янзлахад тусална, нөхөр маань намайг үргэлж дэмжиж урам өгч байдаг. Эмэгтэй хүний хувьд ачаа зөөгөөд үргэлж машин бариад явах амар ажил биш л дээ. Тиймээс би бас хүүхдүүдээ боловсролтой болгож, өөр ажил хийдэг, сайхан хүмүүс болгохоор давхар хичээж л байна. Энэ ташрамд намайг тоож үйлчлүүлдэг хүмүүс болон ачаа ачих үйлчилгээг үргэлж надад итгэж авдаг хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас гэр бүлийнхэндээ баярлалаа.

-Амьжиргаа цагаан машинаараа такси үйлчилгээнд бас явдаг гэсэн үү?

-Тиймээ. Би бараг монголд амьжиргаа цагаанаар таксинд явдаг ганц хүн байх. Би өдөр тутам тогтмол хэдэн дуудлагын ажлаа хийж, барилгын захуудыг нээх үеэр очиж бараа аваад хүргэдэг. Дараа нь дуудлага ирэхгүй бол хотын төвөөр жаахан такси үйлчилгээнд явдаг. Би амьжиргаа цагааныхаа урд “такси, ачаа ачна” гэж бичүүлсэн байдаг болохоор хотын төвөөр явахад залуучууд ихэвчлэн ямар гоё унаа вэ гээд уриалгахан суудаг. Харин гэр хорооллуудаар явахаар хүн тоож суудаггүй.

-Монгол гэрээс гадна амьдралын хэрэгцээт зүйлсийг нь авч өгдөг гээд энэ хавийнхан ер нь таныг сайн таньдаг юм байна лээ. Энэ талаар хуваалцаач?

-Ер нь тэгээд энэ хавийнхаа айлуудад сүү, гурил дөхүүлэхээс эхлээд өвөл хэцүүхэн айлууддаа түлш авч өгөх гээд байгаагаараа тусалдаг юм. Манайхан ч зарим нь намайг андахгүй ээ. Гол нь эргээд тусалсан хүмүүсийн маань хэлж буй талархал намайг жаргалтай болгож, цаашид хөдөлмөрлөх эрч хүч өгдөг.