Ливан улсын нийслэл Бейрут болон бусад хотуудад Израилын зүгээс агаараас цохилт өгсөн ноцтой халдлага хийсэн. Энэ нь АНУ болон Ираны хооронд гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа гарсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Албаныхны мэдээлснээр, уг бөмбөгдөлтийн улмаас 254 хүн амь үрэгдэж, олон хүн шархаджээ.
Амиа алдсан иргэдийн дийлэнх нь зэвсэггүй, энгийн иргэд байсан гэв. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас Ливаны Ерөнхий сайд 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг улс даяар гашуудлын өдөр болгон зарлах захирамж гаргажээ. Гашуудлын хүрээнд төрийн болон олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, орон даяар төрийн далбааг буулгасан байна. Мөн радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулжээ. Ливаны Ерөнхий сайд мэдэгдэлдээ, амь үрэгдэгсдийн ар гэр, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан иргэдийг хурдан эдгэрэхийг хүссэн байна. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү үйл явдалд анхаарал хандуулж, бүс нутгийн нөхцөл байдал дахин хурцдаж болзошгүйг анхааруулж байгаа юм.