Өнгөрсөн долоо хоногт Уганда улсад цэцэрлэгийн дөрвөн хүүхэд бусдад хутгалуулж амь насаа алдсан аймшигт хэрэг гарч, олон нийтийг цочроосон. Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээд баян болохын тулд тэдгээр хүүхдийн амь насыг золиосолсон гэжээ.
Тодруулбал, Өчигдөр /2026.04.08/ аллагыг үйлдсэн 39 настай Кристофер Окелло Онюмын анхны шүүх хурал зохион байгуулагджээ. Уганда, АНУ-ын давхар иргэний харьяалалтай тэрбээр эцэг эхийн дүрээр цэцэрлэгт нэвтрээд хүүхдүүд рүү дайрахдаа нэгээс хоёр орчим насны дөрвөн хүүхдийн амийг хөнөөсөн байна.Эмнэлгийн дүгнэлтэд Онюмыг сэтгэцийн хувьд эрүүл боловч “хүний амиар тахил өргөвөл эд баялагтай болно” гэсэн үзэл онолд итгэсэн хүн байсныг тодорхойлжээ.Шүүгч энэхүү дүгнэлтийг уншиж танилцуулах үеэр хохирогчдын ар гэрийнхэн яллагдагч руу хашхирч, харааж зүхэж байсан бол тэр ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор Ёвери Мусевениийн хүү, армийн командлагч Мухузи Кайнеругаба өмнө нь мэдэгдэл хийхдээ “Бид энэ гэмт хэрэгтэнд цаазын ял оноохыг шүүхээс шаардах болно” хэмээн онцолж байв. Шүүхээс яллагдагчийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд шүүх хурлын тов одоогоор тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: AFP