Х.Намжилдорж: Манай цагдаагийн албанд надаас гадна Франц, Герман, Араб гээд гадаад хэлээр ярьдаг олон залуус байгаа /ВИДЕО/

Х.Намжилдорж: Манай цагдаагийн албанд надаас гадна Франц, Герман, Араб гээд гадаад хэлээр ярьдаг олон залуус байгаа /ВИДЕО/

Засгийн газраас энэ жилийг аялал жуулчлалд анхаарах жил хэмээн зарлаж “Go Mongolia” хэмээн дэлхий дахинаа сурталчилж буй. Өнгөрсөн 2023 онд манай улс түүхэндээ хамгийн их буюу 651 мянган гаруй жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. Энэ жилийн хувьд ч мөн дээрх тоог өсгөж, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд нийслэл хотод хэдийн гадны жуулчид ирээд эхэлжээ.

Яг энэ үед нэгэн Турк жуулчинтай таарч англи, турк хэлээр ярилцан, тусламж үзүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн бичлэг цахим орчинд гарч, олон хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Энэ талаарх бичлэгийг анх тухайн жуулчин өөрийн цахим хуудсандаа хуваалцан “би англи, турк хэлтэй цагдаатай уулзаж, элчин сайдын яамыг төвөггүйхэн олсон. Цагдаагийн ажилтандаа баярлалаа, амжилт хүсье” хэмээн бичсэн нь олон хүнд хүрсэн юм. Тэгвэл бид тухайн жуулчинд тусалсан цагдаагийн дэслэгч Х.Намжилдоржтой ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь уулзаж, хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

ВИДЕО: 

-БИ ТУРК УЛСАД СУРАЛЦАЖ ТӨГССӨН УЧРААС ТУХАЙН ЖУУЛЧНЫГ ТУРКЭЭС ИРСЭН ГЭЖ МЭДМЭГЦЭЭ ЭХ ХЭЛЭЭР НЬ ЯРЬЖ, ТӨВӨГГҮЙ ОЙЛГОЛЦСОН-

-Сайн байна уу, юуны үзэгчдэд өөрийгөө танилцуулаач, аль хэлтэст алба хаадаг вэ?

-Сайн байна уу, би Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулах газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Хархүүгийн Намжилдорж байна. Цагдаагийн байгууллагад ес дэхь жилдээ ажиллаж байна.

-Гадаад жуулчинтай харилцаж байгаа таны бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тухайн бичлэгний талаар ярьвал?

-Хоёр хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 15-нд хуваарийн дагуу Төв шуудангийн урд Төв номын сангийн уулзвар дээр ажиллаж байх үед Турк улсын иргэн Элчин сайдын яамаа хайгаад явж байх үед нь таарч, тусалсан. Би өөрөө Турк улсад суралцаж байсан болохоор Турк хүн гэдгийг нь мэдмэгцээ илүү ойлгомжтой зааж өгөхийн тулд Турк хэлээр нь ярьсан. Миний хувьд нэлээн хэдэн улсаар явж үзээд, жуулчны  байр суурьнаас хараад үзэхэд гадаад улсад явж байх үедээ хэн нэгнээс тусламж хүсэхэд өөдөөс эх хэлээр минь ярьвал маш сайхан санагдана. Тиймээс тухайн жуулчинд эерэг сэтгэгдэл төрүүлсэн байх.

-Таны хувьд гадаад жуулчидтай хэр таарч ажилладаг вэ, ер нь манай улсад ирсэн жуулчдад тулгамдаж байгаа асуудлыг таны зүгээс юу гэж хардаг вэ?

-Жуулчдын ихэвчлэн асуудаг зүйл гэвэл эмийн сан, АТМ, үзвэрийн газрууд, музей зэргийг ихэвчлэн асуудаг.

-Таны хувьд ямар орны хэл мэддэг вэ, 2-3 хэлээр ярьдаг цагдаагийн алба хаагч гэхээр хүмүүст их сонирхолтой байх шиг байна?

-Миний хувьд 2008-2013 онд Бүгд Найрамдах Турк улсын цагдаагийн академийг төгссөн. Зөвхөн манай ангид л гэхэд 20 гаруй улсын оюутан, сонсогчид байдаг байсан. Бүгд өөр өөрсдийн хэл, соёл иргэншилтэй хүмүүс. Би ч бас тухайн үедээ жуулчин маягтай л амьдардаг байж. Ерөнхийдөө Турк, Англи хэлээр харилцааны түвшинд сайн ярьж чадна. Мөн сайн ярьж чадахгүй ч гэсэн бусад хэлээр бага зэрэг ойлгоно. Монголын цагдаагийн албанд надаас өөр маш мундаг, олон хэлтэй залуучууд зөндөө бий. Жишээлбэл, франц, араб, хятад, орос гээд олон орны хэлээр ярьдаг залуучууд бий.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БУЙ ИРГЭД МААНЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАЖ СУРВАЛ ЦАГДАА ЗААВАЛ ЗОГСОХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ БОДДОГ-

-Таны бичлэг цацагдсаны дараа хүмүүс тавилттай юм биш үү, ийм цагаан замын цагдаа гэж хаана байсан юм гэх зэрэг сэтгэгдэл бичсэн байсан. Та харсан уу?

-Яг үнэндээ харж амжаагүй. Өчигдөр бүтэн ажиллаад, өнөөдөр үүрэг гүйцэтгээд зогсож байна. Цагаан гэсний хувьд бол “зун болохоор нар гардаг, нарны тосоо сайн түрхээрэй” л гэж хэлмээр байна. /инээв/

-Өнөөдөр хаана үүрэг гүйцэтгэж ажиллав, өдөр тутмын үүргээ гүйцэтгэж байх үед тань тулгардаг бэрхшээл юу байдаг вэ?

-Миний бие хуваарийн дагуу өглөө 07:00-14:00 цаг хүртэл Зайсангийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Миний бие ажил мэргэжилдээ их дуртай. Иргэд, жолооч нартаа энэ ташрамд хандаж хэлэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 буюу таны уулзвар, гарц нэвтрэх боломжгүй саатал, түгжрэл гарсан үед зөвшөөрөгдсөн гэрэл дохио ассанаас үл хамааран таныг уулзвар руу орохыг хориглоно гэдэг ганцхан заалтыг мөрдөөд өгөөч ээ. Та хоёрхон метрийн зайтай гарцаа чөлөөлөөд зогсчих. Энэ дүрэм хэрэгжсэнээр манай улсад замын цагдаа замын голд зогсох шаардлагагүй гэж би хувьдаа боддог.

-Та яагаад цагдаагийн мэргэжлийг сонгох болсон бэ?

-Миний аав өөрөө цагдаагийн дэд офицер хүн. Би өөрөө цагдаагийн гэр бүлд өссөн учраас энэ мэргэжил надад илүү ойр, дотно байсан. Тэгээд арван жилээ төгсөөд гадаад улсад сурах боломж олдоод, суралцаад ирсэндээ баяртай байна. Манай байгууллагын хувьд алба хаагчдын сургалт, соён гэгээрүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь би өнгөрсөн жил Хууль зүйн яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд шалгалт өгч тэнцээд Филиппин улс руу англи хэлний вакумжуулсан сургалталтанд яваад ирсэн.

Оюутан байх үед манай ангийн нэг залуу надад хэлж байсан л даа. “Манай улсад цагдааг хараад айдаг, бүр зугатах тохиолдол ч гардаг” гэж хэлж байсан.Би бол монголын цагдаа яг эсрэгээрээ байгаасай гэж боддог. Зун болоод олон орны жуулчид ирж, замын хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс бүгд дор бүрнээ замын хөдөлгөөний дүрмээ сахин, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоорой гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.