Л.Оюунжаргал: Баруун аймгийн нутгаар бороо эрчимтэй орвол хөрсөндөө шингэж чадахгүйгээр үер буух эрсдэлтэй байна

Л.Оюунжаргал: Баруун аймгийн нутгаар бороо эрчимтэй орвол хөрсөндөө шингэж чадахгүйгээр үер буух эрсдэлтэй байна

Үер, усны цаг үеийн нөхцөл байдлын урьдчилан сэргийлэх мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас хүргэлээ. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Зургаа, долдугаар сард төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орохоор байгааг өмнө нь танилцуулж байсан. Тодруулбал, Хэнтий нурууны бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх урьдчилсан төлөв гарсан.

Мөн наймдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна гэж ойлгож болно.

Хур тунадасны явцаас харахад зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгшихээр байна. Үүнийг ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв баталж байгаа.  Баруун, говийн аймгуудын ихэнх нутаг нэлээд хуурай, гандуу зуншлага тааруу, дунд үнэлгээтэй байгаа. Гэтэл энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаас эхлээд хур бороо орно. Хөрс нь хатсан, гандсан хуурайшилттай баруун аймгийн нутгаар бороо эрчимтэй орвол хөрсөндөө шингэж чадахгүйгээр үер буух эрсдэлтэй" хэмээн анхаарууллаа. 

Зургаадугаар сард: 

  • 14, 15-ны өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар түр зуурын маягтай,
  • 16-наас баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 20-нд нутгийн хойд хэсгээр,
  • 21-нд нутгийн баруун хагаст,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.

Эдгээрээс 18, 19, 20-ны өдрүүдэд орох бороо хамгийн удаан үргэлжлэх төлөвтэй буюу төвийн аймгуудын нутгаар нэлээд үргэлжилж суусан маягтай орно. Мэргэжлийн хэлээр яривал өндрийн циклон үүснэ. Өөрөөр хэлбэл үүлэн хуйлраа үүсэж эргэлдэнэ гэсэн үг. Төвийн аймгуудын нутгийн хөрс чийгтэй болсон учраас орсон бороог шингээх чадвар багассан байгаа. Тиймээс төвийн бүс нутгаар орох бороо ч үерийн аюул дагуулах эрсдэлтэй байна.

Гэнэтийн усархаг аадар бороо, аянга цахилгаан нөөлөг салхины аюулыг үргэлж дагуулж явдаг. Энэ үзэгдэл илүү эрчимтэй ажиглагдах төлөвтэй байна.

Тухайлбал, нөөлөг салхины үзэгдэл:

  • 20-нд баруун болон говийн аймгуудын нутгаар,
  • 21-нд зарим газраар,
  • 22, 23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед 24 метр секунд хүрч сэрүүснэ.

Мөн "Агаарын температур энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан. Энэ үеэр Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, өдөртөө 20-25 градус хүрнэ. Говийн бүс нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 31-36 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 15-30 градусын дулаантай байхаар байгаа. Гол мөрний мэдээний тухайд Сэлбэ, Санзай, Дамбадаржаа орчимдоо үерийн түвшнийг 5-10 сантиметр даван үерлэсэн байна" гэдгийг тодотголоо.