Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий сайд, Засгийн газраас санаачилж буй “Чөлөөлье” аяны хүрээнд гаргасан шийдвэрийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг танилцууллаа.
Тэрбээр, “Чөлөөлье” аяны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2026 онд хийгдэхээр төлөвлөсөн 9376 салбарын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг цуцалжээ. Ингэхдээ төлөвлөгөөт бус болон иргэдийн өргөдөл гомдлоор, мөн нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд хэвийн үргэлжилнэ. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалснаар бизнесийн үйл ажиллагаанд ирдэг дарамт, тодорхойгүй байдал алга болж, төрийн албан хаагчдын хиймэл ажлын ачааллыг бууруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхлэх боломжийг олгох юм.
Мөн төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөх хүрээнд төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон тогтоол батлагдлаа. Энэ тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын бүтэц, албан хаагчдын ажлын ачаалал, зохион байгуулалтыг зөв хуваарилахаар болсон. Ерөнхий сайдын баримталж байгаа бодлого бол төрийн захиргааны чиг үүргийг 20 хувьтай байлгаж, яам агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагууд нийт албан хаагчдынхаа 80 хувиар үндсэн үйл ажиллагаагаа эрхэлнэ. Энэ хүрээнд ажлын уян хатан цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, Төрийн албан хаагч 7:00-8:30 цагийн хооронд ажил эхэлж, ажил тарах цаг 16:00-17:30 цаг байх зохицуулалтыг хийсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын болон үйлчилгээний байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт орох асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт эрх олгосон гэлээ.