"Оросын эрчим хүчний хараат байдлаас Монголыг гарахад тусалъя" гэж АНУ мэдэгдэж байхад, зарим дарга цахилгааны төслөө Орост албаар атгуулаад байж магадгүй байгаа

"Оросын эрчим хүчний хараат байдлаас Монголыг гарахад тусалъя" гэж АНУ мэдэгдэж байхад, зарим дарга цахилгааны төслөө Орост албаар атгуулаад байж магадгүй байгаа

Өнгөрсөн долоо хоног /2024.03.21-22/-т АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл манай улсад айлчлал хийлээ. М.Кэмпбэлл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ, “2023 оны наймдугаар сард түүний АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлуудын явц, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, англи хэлний боловсролыг сайжруулах, сансар судлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих талаар ярилцсан байгаа юм. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ. 2024.03.22

-“МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ” ГЭЖ БАЙВ-

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ болон Монгол Улс англи хэлний боловсролын хүртээмжийг өргөжүүлэх, мэдлэгийг нэмэгдүүлэх программчлал бүхий “American Space”-ийг Эрдэнэт хотод шинээр нээх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, АНУ Монгол дахь англи хэлний багшийн туслах хөтөлбөрөө өргөжүүлж ажиллах орон тоогоо 50 хувиар нэмнэ гэсэн байдаг. Мөн Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх болсонтой холбогдуулж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа иргэний нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт техникийн туслалцаа үзүүлэхээр болсон. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалаас олон улсын мэдээллийн агентлагууд “Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ” хэмээн мэдээлж байв.

Тухайлбал, энэ талаар Ройтерс агентлаг “Монгол Улс ховор металл олборлох чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтон хотод айлчлах үеэрээ мэдэгдсэн ч АНУ, БНХАУ-ын хооронд "шинэ хүйтэн дайн" үүсэх нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг санууллаа” хэмээн мэдээлж байв. Нөгөө талаар тус айлчлалын үеэр “АНУ-ын зүгээс Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэдгээ онцлон тэмдэглэж байв. 

-ЭРДЭНЭБҮРЭНГИЙН ТӨСЛИЙГ ТАГНУУЛ Е.А.СИМОНОВ ХОРЛОЖ, ЭГИЙН ГОЛД УЦС БАРИХЫГ ОРОСУУД ЭСЭРГҮҮЦЭЖ ЮНЕСКО-Д ГОМДОЛ ГАРГАЖ ГАЦААСАН-

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл манай улсад айлчлах үеэрээ, “Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-ын зүгээс дэмжих асар их сонирхол байгаа. Тухайлбал сэргээгдэх эрчим хүч эсвэл одоо байгаа систем, тогтолцоогоо шинэчлэн засаж залруулах, өөрчлөх болон бусад шинэ боломжийг нээж олох чиглэлээр харилцан яриа өрнүүлсэн. Энэ чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” хэмээн мэдэгджээ. Манай улс шатахуун, төмөр зам, эрчим хүчний хувь ОХУ-аас хамааралтай. Харин Эрдэнэбүрэн, Эгийн гол, Байдрагийн гол зэрэг цахилгаан станцууд ашиглалтад орсноор оросын эрчим хүчний хараат байдлаар бүрэн гарах боломжтой гэдэг ч эдгээр сэргээгдэх эрчим хүчний төслүүд хойд хөршөөс шууд хамааралтайгаар гацаад удаж байгаа гэж болно. 

Тухайлбал,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил яригдаад 10 гаруй жил өнгөрч байна. Гэтэл “Оросын тагнуул Е.А.Симонов, түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар нь монголын эрчим хүчний төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажил явуулж байсан” гэх мэдээлэл Германы Nosvox.com сайт дээр гарсан. Нөгөө нь “Эгийн гол”-ын усан цахилгаан станц ашиглалтад орвол “Байгаль нуур”-т сөрөг нөлөө үзүүлнэ хэмээж ОХУ-ын тал ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар энэхүү төсөл олон жил гацахад хүргэсэн. Харин НҮБ-ын тэргүүн А.Гутерраш 2022 оны наймдугаар сард манай улсад айлчлах үеэрээ, “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн чуулганаар НҮБ Эгийн голын УЦС-ын асуудалд бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдсэн. 

Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар улсад айлчлах үеэрээ Баянхонгор аймгийн “Байдрагийн гол” дээр усан цахилгаан станц барих төслийг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг тавьж, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгөөд ирсэн байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар улсад айлчлал хийв. 2023.03.07

Үнэн хэрэгтээ Унгар улс бол манайх шиг далайд гарцгүй шатахуун, эрчим хүчний хувьд ОХУ-аас бараг бүрэн хараат орон. Мөн Унгар улс бол Европын холбоо дахь В.Путины хамгийн ойрын холбоотон гэдэг. Тодруулбал, ОХУ-ын байр суурийг Европын холбоонд Унгар улс баримталдаг болоход 2010 оноос хойш тус улсыг тасралтгүй удирдаж буй Ерөнхий сайд Орбан Гизон нөлөөлсөн. Нөгөө талаар Унгарын Ерөнхий сайд Орбан Гизон нь оросын дэмжигч юм. Иймд Байдраг гол дээр баригдах усан цахилгаан станцын төслөө Унгараар дамжуулж Оросуудад атгуулчхав уу гэх хардлага ч төрж байгаа юм. Харин АНУ-ын тал манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх эсвэл одоо байгаа системийг шинэчлэн засахад дэмжлэг үзүүлье гэдгээ удаа дараа мэдэгдэж байна.