ВИДЕО: Махаар хооллодог шавжаар хүний нас барсан хугацааг тогтоох судалгааны ажлыг Монголд анх удаа эхлүүллээ

ВИДЕО: Махаар хооллодог шавжаар хүний нас барсан хугацааг тогтоох судалгааны ажлыг Монголд анх удаа эхлүүллээ

Археологичдын нээсэн Сяньбигийн язгууртны булшнаас тахил өргөсөн байж болзошгүй зарц нарын араг яс, 1800 жилийн өмнөх махчин шавж олдсон талаар бид өмнө нь сурвалжилж байсан билээ. Тодруулбал, Өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн тэнхимийн доктор Т.Идэрхангай болон тус тэнхимийн 2-р багын хамт олон одоогоос 1800 жилийн өмнөх үе буюу Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгаа хийж, томоохон нээлтүүд хийсэн.

Тус бунхны хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ байрласан. Бунхны үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн болон 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрсэн юм. Мөн хамгийн сонирхолтой нь 1800 жилийн өмнөх махчин шавж бунхнаас олдсон цогцсын тархи хэсгээс олдож, Монголд өмнө нь хийгдэж байгаагүй судалгааны ажил эхлээд байна. Иймд бид энэ удаа шинэ төрлийн шавжийн судалгааг онцоллоо.

Эл судалгаа нь дэлхийд хэдийнээ хөгжиж эхэлсэн ч Монголд төдийлөн хөгжөөгүй бөгөөд шавжаар хүний амьсгал хураасан болон хэдий хугацаанд хадгалагдаж буйг тодорхойлж боломжтой аж. Улмаар ШШЕГ, археологийн олон талын судалгаанд баримт мэдээлэл болохуйц чухал ач холбогдолтой судалгааны ажлыг археологийн судлаачид болон эрдэмтэд хамтран хийж байна.

ВИДЕО:

-1800 ЖИЛИЙН ӨМНӨХ БУНХАНТ БУЛШНААС ОЛДСОН ШАВЖААР ТУХАЙН ҮЕИЙН НҮҮДЭЛЧИД ХҮНЭЭР ТАХИЛ ӨРГӨДӨГ БАЙСНЫГ ТОГТООСОН-

Энэ талаар Археологич, Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтын мэргэжилтэн магистр Б. Батчимэг

-Бидний энэ жил хийсэн малтлага судалгааны явцад ес дугаартай бунхнаас бараг бүтэн шавж олдсон. Тиймээс бид тухайн бүс нутагт одоо энэ зүйлийн ямар шавж байгаа эсэхийг өгөөш тавьж нэлээд шавж цуглуулсан. Одоогоор судалгаа хийхээр лабораторийн ажил руугаа орсон байдалтай байж байна. Нэгдүгээрт бид түүвэрлэж авчирсан орчин үеийн шавжуудын макро бүтцийг харж, таньж өмнөх жилийн судалгаанаас гарсан үр дүнтэй харьцуулах ажлыг хийж байна. Цаашид макро бүтцээсээ микро бүтэц рүү шилжих ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэр бүр нарийвчлан судалд одоо үеийн шавжийн эд эрхтнүүдийг 1800 жилийн өмнөх бунхнаас олдсон шавжтай харьцуулна. Энэхүү судалгааны онцлог нь археологийн судалгаанаас гарч ирж буй шавжуудын маш удаан хугацаанд хадгалагдан үлдсэн. Энэ хугацаанд хадгалагдах явцдаа бүрэн бүтэн байдлаа алдсан. Гэвч гарч ирж буй жижиг эрхтнүүдийг нь эд эсийн түвшинд судалж, төрөл зүйлийг нь тогтоох мөн тухайн үеийн оршуулгын зан үйлээс бидэнд ямар шинэ мэдээлэл өгч болохоор байгааг судалж байна. Жишээлбэл, өмнөх жилийн судалгаанаас хүн малын яс нийлсэн есөн бодгаль гарсан. Ингэхдээ бугын амны хөндий болон тархины хөндийгөөс шавж олдсон. Мөн зэрэгцээ оршуулсан хоёр хүний нэгээс нь шавжийн эд эрхтэн гарсан. Үүнийг судалж үзэхэд хоёр зүйлийн махчин цох илэрсэн. Улмаар тухайн хүнийг нас барснаас нь хойш 8-12 хоногийн дараа оршуулсныг олж мэдсэн.

Иймд хоёр хүний нэгнээс гарч байгаа нь тухайн үеийн оршуулгын зан үйлд язгууртныг оршуулахдаа шавжаас хамгаалж оршуулсан. Харин тахилаар оруулж буй хүнийг шууд оршуулсныг таньж тогтоож байгаа юм. Судлаачид маань бунхант булшнаас эртний нүүдэлчид хүнээр тахил өргөдөг юм байна гэдгийг судалгаа бүхэндээ дэвшүүлсэн ч яг баталгаатай болгох мэдээлэл байгаагүй. Иймд бид уг мэдээллийг шавжийн судалгааны явцад тодорхой болгож байгаа юм. Түүнчлэн энэхүү шавжийн судалгааг ШШЕГ хүний нас барсан хугацааг тогтооход ашиглах бүрэн боломжтой.

-СЯНЬБИГИЙН ҮЕИЙН МАХЧИН ЦОХ ОДОО АМЬДАРЧ БУЙ ЭСЭХИЙГ СУДЛАХААР МАХААР ӨГӨӨШ ТАВЬЖ ХЭД ХЭДЭН ТӨРЛИЙН МАХЧИН ШАВЖ ЦУГЛУУЛСАН-

Биологийн хүрээлэнгийн шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Алтанчимэг

-Магадгүй 1800 жилийн өмнө амьдарч байсан шавж одоо ч гэсэн амьдарч байх өндөр магадлалтай учир энэ жилээс бид газар дээр нь мах махан бүтээгдэхүүнээр өгөөш тавьж цуглуулсан байгаа. Ингэхдээ мөлжсөн яснуудыг буюу махан өгөөш бэлдэж тавиад тэндээ хэдий хугацаанд ямар шавж ирэхийг харсан. Улмаар 12 цагийн дотор тодорхой зүйлийн шавжууд ирж махаар хооллож эхэлсэн. Энд сэрт цохны овгийн цох,  жигэ цохны овгийн цохнууд хамгийн их олдсон. Мөн өөр олон төрлийн шавж олдсон. Энэ чиглэлийн судалгаа дэлхийд нэлээд байдаг ч Монголд хөгжөөгүй байсан. Улмаар 1800 жилийн өмнөх булшнаас шавж олдсоноор энэ талын судалгааг цаашид хөгжүүлэх шаардлага гарч ирж байна.

Шавжны микро судалгаа

-МАХЧИН ШАВЖИЙН ХООЛЛОЛТООР ХҮНИЙ НАС БАРСАН ЦАГ ХУГАЦААГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ УЧИР ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАЖ БОЛНО. ЭНЭ ТӨРЛИЙН СУДАЛГАА МОНГОЛД ШААРДЛАГАТАЙ БАЙГАА-

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, доктор (Ph.D), дэслэгч С.Дорждэрэм

-Шүүх эмнэлэг 72 цагийн дотор хүний нас барсан хугацааг тогтоох боломжтой байдаг бол цох буюу махчин шавжаар хэдэн жил, хэдэн сарын өмнө нас барсныг тогтоох боломжтой байдаг. Энэ судалгаа Монгол оронд хараахан хөгжөөгүй. Онолын суурь судалгаа хийгдээгүй байгаа. Гэхдээ цаашид зайлшгүй хөгжих хэрэгтэй шинжлэх ухааны салбар байгаа юм.

-АРХЕОЛОГИ БОЛОН БУСАД ШИНЖЛЭХ УХААН ДЭЛХИЙН УЛС ОРНУУДААС ХОЦОРЧ ЯВАА. ТИЙМЭЭС ЗАЛУУЧУУДЫГАА УЛС ОРНЫХОО ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-

МИУС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Ц.Намуун

-Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ гэвэл Монголын археологийн малтлагаар олддог бидний өвөг дээдсээс үлдсэн ховор нандин эд өлгийн зүйлсийг сэргээн засварлаж, хадгалах хамгаалах үнэхээр чухал санагдсан болохоор энэ мэргэжлээр суралцаад явж байгаа. Өнгөрсөн жилээс багшаараа удирдуулж археологийн малтлагаас ирж байгаа шавжтай холбоотой судалгааг эхлүүлсэн. Энэ чиглэл нь Монгол огт хөгжөөгүй ч олон улсад маш өндөр хөгжилтэй явж байгаа. Энэ нь маш олон чиглэлийг хамруулсан судалгаа гэж хэлж болно. Монголд өмнө нь судлагдаагүй гэдэг нь нэг талаар гоё юм шиг нөгөө харагдаж байгаа ч судалгаа хийхэд маш хүндрэлтэй байсан. Мөн энэ судалгааг хийхэд нэг давуу тал нь гадаад хэл гэж бодож байна. Судалгааны явцад энэ чиглэлийн англи, герман хэл дээр бичигдсэн судалгаануудыг уншсан. Тэгээд Монгол Улс энэ төрлийн судалгаагаар маш хоцрогдмол байгааг ойлгосон. Археологи ч гэлтгүй бусад шинжлэх ухаан дэлхийн улс орнуудаас хоцорч яваа. Тиймээс залуучуудыгаа улс орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд анхаараасай гэж хүсэж байна.