Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэх гэж байна. Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьж бүх салбарт бэлтгэл хангаж буй. Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг ч дээрх зорилтын хүрээнд боловсруулжээ. Тус хуулиар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгжүүдийг бодитоор дэмжихийн зэрэгцээ жуулчдыu хамгаалах аж. Тус хууль болон бусад асуудлаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас мэдээлэл сонслоо.
ВИДЕО:
-ДОТООДЫН НИСЛЭГИЙГ НӨАТ-ГҮЙ БОЛГОНО-
-Аялал жуулчлалын тухай хуулийг энэ долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхлэх гэж байна. Тус хуулиар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгжүүдийг хэрхэн дэмжих вэ. Мөн жуулчдыг татахын тулд ямар эрхзүйн харилцааг бий болгож байгаа вэ?
-Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд олон жил ажилласан ч үр дүн гараагүй. Жуулчдыг татахын тулд бид энэ бүс нутагтаа өрсөлдөж байгаа. Манайхтай нэг, угсаа язгууртай улс болох Өвөрмонгол, нүүдэлчдийн соёлтой Казахстан, Киргизээс бид яаж ялгарах вэ, өрсөлдөх чадвараа яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь чухал. Засгийн газар зээл тусламж, төсөл гэх мэт санхүүгийн тодорхой хэрэгсэл хэрэглэж байж аялал, жуулчлалын дэд бүтцээ бий болгоно гэдгийг тус хуулинд тусгасан. Дэд бүтэц гэдэг нь магистраль төв зам дагуух амрах цэг багтана. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх зарим онцгой чухал газарт улсын төсвийн хөрөнгөөр байгуулах гэх мэт. Мөн аялал жуулчлалын бүсүүдэд дэд бүтцийг бий болгох. Одоо бол газрыг нь хэдэн компанид хувааж өгчхөөд хөгжүүлэхийг нь хүлээгээд байна. Энд ядаж л стандарт, зам, нойл, хогийн цэггүй байгаа юм. Төр жуулчдыг татахын тулд хүчин чадлаа тооцож хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх шаардлага бий. Тухайлбал, манай шинэ нисэх онгоцны буудал 1.5 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай. Үүний 500 мянга нь дотоодын зорчигч байна. Тэгэхээр цаана нь хамгийн ихдээ нэг сая жуулчин татах хүчин чадал байна. Гэтэл манай Ерөнхий сайд ойрын хугацаанд буюу 2024, 2025 онд 10 сая жуулчин авчирна гэж хэлээд дунд хугацаандаа тус төлөвлөгөөг тусгасан.
Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудалд хоёрдугаар терминал барих юм уу эсвэл хуучин Буянт ухаа буудлыг ашиглах юм уу гэдэг асуудал гарч байна гэсэн үг. Энэ бүхнийг Засгийн газар шийдвэрлэх гарч байгаа юм.
Үүнийгээ л ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөөд явахыг нь энэ хуульд оруулж өгч байгаа юм. Тодруулбал, жил бүр ерөнхий төлөвлөгөө гаргаж үндэсний хороогоор батлуулна гэсэн үг. Үндэсний хороонд Ерөнхий сайд, гадаад хэрэг, дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн сайд, хувийн хэвшлийн төлөөлөл ажиллана. Эд ажлаа эрэмбэлэсний дараа алийг нь төсвийн хөрөнгөөр алийг нь гадаадын зээл тусламжаар, алийг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээ тодорхой болгоно гэсэн үг.
-Тухайлбал, нислэгийн тийзний төлбөрийг хямдруулах уу. Аяллын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх үү?
-Манайхтай адил бүс нутагт оршдог орнуудад гурван цагийн нислэг 150-200 долларын үнэтэй байна. Харин манайх 500 доллар байна. Жуулчин авчирна гэж буй бол тоондоо үндэслэж тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, онгоцны буудлын үйлчилгээний үнэ тарифыг хөнгөлж өгөхийг санал болгож байна. Тухайлбал, Өвөрмонгол болон Манжуурын зарим хотууд “Танайх энэ жил 15 мянган жуулчин аваад ир. Энэ сард хэд, дараагийн сард хэд” гэх мэт бүр тодорхой төлөвлөгөө гаргаж аж, ахуй нэгжүүдтэйгээ гэрээ хийж байна. Төлөвлөгөөндөө 100 хувь хүрвэл 100 хувь хөнгөлөлт үзүүлдэг. 80 хувь хүрвэл 80 хувь хөнгөлөлт үзүүлдэг. Ийм байдлаар тур оператор, авиа компаниудтайгаа хамтран ажилладаг. Энэ хөшүүргийг дээрх хуулиар бий болгож өгнө. Цаашлаад дотоодын нислэгийн хөнгөлөлтийг үзүүлэх шаардлага байна. Учир нь төмөр зам, дотоодын тээвэр, автобус, такси НӨАТ-гүй. Тэгснээ дотоодын нислэг НӨАТ-тай байна. Ядаж л фургоноор 7-8 цаг нүдүүлж авч явдаг гэдэг асуудлыг халж, онгоцоор үйлчилье гэж байгаа юм. Дотоодын нислэгийн НӨАТ-ыг бүлгийн хурлаас дэмжсэн. Мөн зочид буудал болон кэмпийн үйлчилгээний тариф их өндөр байдаг. Учир нь жуулчны бааз жилд хоёрхон сар ажилладаг. Тэгэхээр бусад сард ажиллаагүй зардлаа энэ хоёр сардаа нөхөхийн тулд ийм өндөр үнэтэй байдаг.
Тэгэхээр бид жуулчдын тоог нэмье. Тэнд амарч буй тохиолдолд НӨАТ-ыг жуулчдад буцааж өгье гэдэг агуулгыг мөн тус хуульд оруулж байна. Энэ мэт татварын санхүүгийн хөнгөлөлтөөр дэмжинэ гэж байгаа юм.
Тур операторууд бол угаасаа НӨАТ-гүй үйл ажиллагаагаа явуулж байна.
-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АГЕНТЛАГИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛНА-
-Эсрэгээрээ тур оператор болон аялал жуулчлалын компаниуд ямар хариуцлага хүлээх вэ?
-Хуулиар нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулахаар зүйл, заалт оруулсан. Бүх аялал жуулчлалын компаниуд болон үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэж нэг төрийн бус байгууллага болгохоор хуульд тусгасан. Одоо зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр 300 гаруй төрийн бус байгууллага байна. Нэг компани гэхэд 4-5 гэрчилгээтэй. Зарим нь 10-20 гэрчилгээтэй ч байна. Үүнийг нь нэгдсэн нийтийн эрх зүйн нэг хуулийн этгээд болгоно. Энд нь төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн бүгд орно. Төлөөлөл нь Үндэсний хороонд орж ажиллаж, салбар болон хөрөнгө оруулалт, хөнгөлөлтийн асуудлаараа дуу хоолойгоо хүргэдэг байхаар хуульд зохицуулалт хийж байна. Зочид буудал, паб, баар, ресторан зэрэгт зэрэглэл тогтооно. Төрийн бус байгууллага нь зэрэглэлийг тогтоож, стандартыг тохирно. Энэ ажилд төр оролцохгүй. Зэрэглэлээрээ жуулчдадаа татаж, үйлчилж, хариуцлага хүлээнэ.
-Та бүхэн тооцоолол хийж үзсэн үү. Улсын төсвөөс хэдэн төгрөгийн зарлага гаргах юм. Хэдэн онд хэдэн жуулчин авчирч хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм?
-Манай улс хамгийн ихдээ 450 мянган жуулчин хүлээж авсан байдаг. Ингэхэд манай төсөвт 200 гаруй сая доллар оруулсан. Хэрвээ сая жуулчин татвал 400-500 сая долларыг эдийн засагт оруулна гэсэн үг.
Гэхдээ бид мөнгийг татах ажлаа хийх ёстой шүү дээ. Тухайлбал, Казиногийн хууль, Морин тойруулгын хуулиа баталж үйл ажиллагааг нь уялдуулах ёстой.
10 сая жуулчин татвал эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна. Жуулчин бол үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийн салбар руу валют оруулдаг шүү дээ.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэдий хугацаанд үр дүн гарна гэж төсөөлж байгаа вэ?
-Хэрэгжүүлэх бас нэгэн институд хэрэгтэй байна. Бүтэц, төлөвлөгөө, ТЭЗҮ хийнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ агентлаг байгуулах саналыг гаргасан. Энэ агентлаг Аялал жуулчлалын хуулийг хэрэгжүүлнэ. Хариуд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх санг хасч байна. Сангаас цөөн хэдэн компаниуд ашиг хүртээд явчихдаг уламжлал тогтоод байна. Шинэ сайд томилогдсоны дараа шинэ сан байгуулаад тэндээс цөөн хэдэн компани л төсөв хөрөнгө авч иржээ. Магадгүй 10 жилийн дараа Хөгжлийн банк шиг бөөн асуудал үүсдэг асуудлаас хол байя гэж бодож байгаа.
-Тус хуулиар жуулчдын аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа юу?
- Бид Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдтой уулзаж энэ асуудлаар санал солилцсон. Ер нь ихэнх жуулчид даатгалтай ирдэг. Гэхдээ Монголд ирсэн үед нь хамгаалах зохицуулалтыг хийж өгч байна. Янз бүрийн бүлэглэлүүд хүртэл очиж дээрэлхдэг байдлыг болиулахаар хуулийн зохицуулалт хийж байгаа.
-Сан гэснээс та 23 санг татан буулгах саналыг маргаашийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гаргах гэж буйгаа мэдэгдсэн. Сангуудыг татан буулгах шаардлага бий гэж харж байгааи юу?
-Тийм. Нэгдүгээрт, нэг ч сан нэмж байгуулахгүй байх ёстой юм. Хоёрдугаарт, одоо ажиллаж буй сангуудад шалгалт оруулаад нэн ач холбогдолтойгоо авч үлдээд бусдыг нь татан буулгах шардлагатай гэж үзэж байгаа. Зөвхөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой санг л үлдээгээд бусдыг нь татан буулгахгүй бол дандаа л хэн, нэгэнд давуу байдал бий болгож иржээ. Эсвэл зорилгоо биелүүлэхээ больсон байна. Хамгийн сүүлийн жишээг харахад Боловсролын зээлийн сангаас дандаа л дарга нарын хүүхдүүд зээл авч суралцсан байна.