Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов

Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов

Өв соёл, уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, үеэс үед өвлүүлэн түгээж, хөгжин дэвжиж буй казах түмний Нарны баяр буюу Наурызын баяр Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.03.22/ болж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Наурызын баярын нээлтэд оролцож, баяр хүргэх үеэр "Эх орныхоо өнгөрсөн болон өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казахын ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд бусдыг үлгэрлэн уриалан дуудаж чаддаг, алдар, гавьяа амжилтын эзэд билээ. Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн” гэв.

Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг дуулгахад хурсан олон талархан хүлээн авлаа. Дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баяр тэмдэглэж байна. Монгол Улсын 150 мянган казах иргэдийн 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна.




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө