Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажилласны дараа Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан баярын хуралд оролцон, казах түмэнд Хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.
Баян-Өлгийчүүд өвлийг өнтэй давж, олсон ололт, амжилтаа улам бататгах дүүрэн итгэл, өөдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн Засаг дарга Ё.Зангар хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар товч танилцууллаа.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж, илүү гарсныг хөрш зэргэлдээ улс руу гаргадаг байсан үе бий.Нэг хэсэг импортын ногоо хэрэглэдэг байсан бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэргийн дүнд газар тариалангийн салбар эргэн сэргэсэн. Ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахыг зорьж байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 20 гаруй хүүхэд Орос, Хятад, Америк, Турк, Унгар, Чех, Польш, Казахстан зэрэг улсад суралцаж байна.
Үр хүүхдээ эрдэм номд шамддаг, хөдөлмөрч, хичээнгүй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, төрөл төрөгсдөд нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөр, хуулийн төсөл, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төслийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн Өлгий хотын агаарын бохирдол ихэсч байгааг шүүмжилж, тарьсан модоо арчилж тордоход ахмад настнуудын хүчийг ашиглах, айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатай байгааг ч хэлж байлаа.