СУРВАЛЖИЛГА: Ц.Анандбазарын эзэмшил дэхь Жуковын талбайн арын газрыг ногоон байгууламж болгохыг үүрэгдсэн ч хог, шороондоо дарагдсан хэвээр байна

СУРВАЛЖИЛГА: Ц.Анандбазарын эзэмшил дэхь Жуковын талбайн арын газрыг ногоон байгууламж болгохыг үүрэгдсэн ч хог, шороондоо дарагдсан хэвээр байна

Жуковын талбайн ард талын газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гарснаас хойш даруй таван жил өнгөрчээ. Гэтэл уг шийдвэр хэрэгжсэнгүй, ногоон байгууламж болох боломжтой ч өдгөө хог шороондоо дарагдаж, хашаалсан хэвээр байна. 

ВИДЕО

Энэхүү газрыг анх 2017 онд “Сод Монгол групп”-ийн охин компани болох “Алханатрейд, Ньютурсафарис" ХХК, "Мэргэ ван" ХХК, "Хүрээ-Инвест" гэх компаниуд “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэлбэрээр ашиглах, эзэмших эрх авсан байдаг. Өдгөө энэхүү газрын мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд өмнө нь Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниудад олгосон нэгж талбарын дугаар хэвээр байгаа бөгөөд Сервитут тогтоосон байж магадгүй байна. Тэгвэл Газрын тухай хуульд эрх бүхий байгууллагаас олгосон газар өмчлөх, эзэмших, ашиглах газрын эрхээ хэрэгжүүлэх, хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно гэж заасан байдаг байна.

-ТУС ГАЗРЫГ ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД ШИЛЖҮҮЛЖ, НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХЫГ ҮҮРЭГДСЭН БАЙДАГ-

Өнгөрсөн хугацаанд тус талбайд том оврын машин техникүүд ажиллаж сэндийчиж хаяснаас хойш ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй явсаар өдийг хүрсэн. Харин нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газраас газар шорооны ажил, барилга байгууламжийн угсралтын ажлыг нэг хоногийн дотор зогсоох тухай шаардах хуудсыг 2021 оны есдүгээр сард гүйцэтгэгч компанид хүргүүлсэн удаатай. Цаашлаад 2021 оны зургадугаар сарын 1-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Жуковын талбайн газарт ААН-үүдэд олгогдсон газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж нийтийн эдэлбэр болгон тохижуулахыг тухайн үеийн хотын дарга Д.Сумьяабазарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл дээрх шийдвэр гарснаас өнөөдрийг хүртэл таван жилийн хугацаанд тус талбайн эзэмшигчээр “Сод монгол” группийн дөрвөн охин компани, “Монголын саран ээж” нийгэмлэг зэрэг таван хэсэгт хуваан хувьчилсан хэвээр байгаа байж магадгүй бөгөөд хог шороондоо дарагдаж, ухаж төхөгдөж, хашаалсан байдалтай байгаа юм.

-ИРГЭД: ЯМАР Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХГҮЙ, ЯАХ ГЭЭД БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЯВСААР ХОГ ХАЯДАГ   ЖАЛГА БОЛГСОН-

Уг нөхцөл байдлын талаар ойр орчмын оршин суугчдаас тодруулахад, “Зуны халуунд цонхоо онгойлгохоор эвгүй үнэр орж ирдэг. Хүүхдүүд гадаа тоглохоор тоос шороо босоод, амьсгалахад хүртэл хэцүү үе гарна. Олон жил ингэж тэсэж байна. Гэтэл шийдвэр гарсан гэж сонссоноос хойш таван жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Манай энэ хавьд хүүхэд тоглох газар бараг байдаггүй. Хэрвээ ногоон байгууламж болчихвол сайн л байна. Даан ч хогийн цэг болоод дуусах юм шиг байна. Анх 1990 онд энд нүүж ирэхэд энэ хэсэг хоосон чөлөөтэй талбай байсан. Гэтэл ингэж хашаалаад лав 15 жил болж байна. Ямар ч бүтээл байгуулалт хийхгүй, яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй явсаар хог хаядаг жалга болгочихсон байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Эл газрын асуудал бол зөвхөн хэсэг зай талбайн талаарх асуудал бус шийдвэр гаргаад орхидог тогтолцооны илрэл болж буй. Гаргасан шийдвэр нь хэрэгждэггүй, хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнууд нь хариуцлага хүлээдэггүй нөхцөл байдал үргэлжлсээр байгааг энэ жишээнээс харж болохоор байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө