ВИДЕО: Нохойд бариулсан Янгир шархаа даахгүй үхсэн бөгөөд Нийслэлээс нохой үргээхэд 1,2 тэрбум төгрөг зарцуулдаг ч үр дүнгээ өгөхгүй байна

ВИДЕО: Нохойд бариулсан Янгир шархаа даахгүй үхсэн бөгөөд Нийслэлээс нохой үргээхэд 1,2 тэрбум төгрөг зарцуулдаг ч үр дүнгээ өгөхгүй байна

Дархан цаазат Богдхан ууланд ноход олноороо бөөгнөрч зэрлэгшиж нь элбэг болсон. Энэ ч утгаараа ууланд аялаж байсан хүмүүс рүү дайрах, цаашлаад зэрлэг ан амьтад барьж идэх тохиолдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 20-ны өдөр /2022.12.19/ өдөр ороо нь орсон зэрлэг ноход нэн ховор амьтан болох янгир ямаа руу дайрч, урсан тохиолдол гарсан. Тиймээс бид зэрлэг нохдоос хүн, ан амьдыг хэрхэн хамгаалах, зэрлэгшсэн нохдод бариулсан янгирыг хэрхэх талаар сурвалжиллаа. 

ВИДЕО:

-ЗЭРЛЭГ НОХДОД БАРИУЛЖ ҮХСЭН ЯНГИРЫГ МУЗЕЙН ҮЗМЭРТ ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ-

Зэрлэг нохдод бариулсан Харлаг тэх /2022.12.20/

Энэ сарын 20-ны өглөөний 06:40 цагт Богд уулын хамгаалалтын захиргаанд "Нүхтийн ам орчимд нэн ховор амьтан болох Янгир ямаа зэрлэг нохдод уруулсан байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр байгаль хамгаалагч зэрэг албаны хүмүүс газар дээр нь очиж, шархдсан янгирт анхны тусламж үзүүлсэн байна. Гэвч нохдод уруулсан янгирын шарх нь хүнд байсан учраас шархаа даахгүй нас баржээ. Янгир ямаа нь нэн ховорт тооцогддог ан амьтан учраас үхлийн шалтгааныг тодруулж, халдварын шинжилгээ аваад музейд байрлуулах, мөн ан амьдны биологийн судалгаанд ашиглахаар болжээ. 

-Э.ЦОГБАДРАХ: СУУРЬШЛЫН БҮСЭД ОЙРХОН ӨВС ТЭЖЭЭЛ, ХУЖИР, ШҮҮ ТАВЬЖ ӨГӨХ НЬ ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ УУЛНААС БУУЖ ИРЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ЭРСДЭЛД ОРУУЛДАГ-

Харлаг тэх шархаа даахгүй үхжээ

Энэ талаар Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албаны дарга  Э.Цогбадрах "Богдхан ууланд хавар намартаа нохойн орооны үеэр бөөгнөрч сүрэглэх явдал их гардаг. Өдгөө нохдын орооны үе эхэлсэн байгаа учраас суурьшлын бүсээс уул руу гарсан ноход зэрлэг ан амьтдад руу халдаж байна. Зэрлэг ноход янгир руу дайрч, урж байгаа анхны тохиолдол энэ биш. Ер нь зэрлэг ноход ан амьтад, цаашлаад хүн рүү хүртэл сүрэглэн дайрах тохиолдол гардаг. Тиймээс бид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран нохой үргээх ажлыг тогтмол хийж байгаа ч зэрлэг нохдын тоо буурахгүй байна. Зэрлэг нохдод бариулж үхсэн янгирыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, музейд байрлуулах чиглэлтэй ажиллаж байгаа" гэлээ. Мөн тэрбээр "Иргэд ан амьтдад суурьшлын бүсэд ойрхон өвс тэжээл, хужир, шүү тавьж өгч байгаа нь нэг талаар сайн ч, нөгөө талаар зэрлэг ан амьтдыг уулнаас бууж ирэх нөхцлийг бүрдүүлж, эрсдэлд оруулдаг" гэдгийг тодотгож байсан юм.   

-ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУР УСТГАХ АЖИЛ ӨНГӨРСӨН ЖИЛ 1.2 ТЭРБУМ, МӨН ҮРЖЛИЙГ ХЯЗГААРЛАХАД 96 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-

Зэрлэг нохдод уруулсан Янгирт анхны тусламж үзүүлсэн боловч шархаа даахгүй үхсэн байна

Эзэнгүй нохой, муур устгах ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба бүрэн хариуцах учиртай. Өнгөрсөн жил буюу 2021 онд нийслэлийн хэмжээнд нохой муур устгалд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн 96 сая төгрөгөөр нохойн үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулсан. Гэвч үр дүн нь төдийлөн гардаагүй гэдгийг иргэд хэлж, шүүмжилсээр байгаа. Үүний тод жишээ нь энэ удаа зэрлэг нохдод бариулсан янгир боллоо. 

Нөгөөтээгүүр зэрлэг нохдыг шууд буудаж, устгах нь "Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг"-ийн эсэргүүцэлтэй тулгардаг аж. Мөн НҮБ зэрэг олон улсын байгууллагаас амьтны эрхийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажилд үнэлэлт дүгнэлт өгдөг байна. Тэгэхээр энэ бүхнийг бодлогоор чиглүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Ямартай ч эзэнгүй зэрлэг нохдыг үргээж, устгахгүй бол ан амьтад цаашлаад иргэдийн эрүүл мэнд, амь насанд ч аюул учруулах эрсдэлтэй байна. 

Янгир нь нэн ховор төрлийн амьтан учир музейн үзмэрт өгөхөөр болсон байна