НҮБ-ын Хүүхдийн сангаас 2021 онд хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгө авдаг нийт өрхийн 34 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ямар нэг байдлаар хадгалдаг, харин 66 хувь нь хүүхдийн мөнгийг өрхийн хэрэглээндээ зарцуулдаг гэсэн бол, нийт өрхийн 9 хувь нь хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно гэсэн тоон дүн гарчээ.
Иймд улсын төсвөөс 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг бууруулахгүй үргэлжлүүлэн олгох, ингэхдээ бодит өндөр орлоготой өрхүүдийг энэ хөтөлбөрт хамрагдахгүй байхыг уриалж, харин хүүхдийн мөнгөөр дамжуулж зайлшгүй төсвийн дэмжлэг хэрэгтэй байгаа өрхүүдэд чиглүүлэх нь зүйтэй гэж үзэн Нийгмийн халамжийн тухай хуульд УИХ-ын намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ.
Улмаар, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6-д “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална” гэсэн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулганаар хийхээр болсон байна. Ингэхдээ “Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гаргахаар болсон байна.
УИХ-ын тогтоолд;
1. Өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 91 хувьд хамрагдсан, хүсэлт гаргасан хүүхэд бүрд 100,000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгосугай.
2. Хүүхдийн мөнгө тэтгэмж олгох үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай;
- Өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгө хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох
гэж тусгажээ.