Хуримтлагдсан өрийн улмаас яаралтай тусламжаас бусад тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоохоор болжээ

Хуримтлагдсан өрийн улмаас яаралтай тусламжаас бусад тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоохоор болжээ

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос мэдэгдэл гаргаж, эм ханган нийлүүлэлтэд ноцтой хүндрэл үүсээд буйг анхааруулж, мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, "Эм ханган нийлүүлэгчид төрийн болон орон нутгийн эмнэлэгт хууль ёсоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй нийлүүлсээр ирсэн ч төлбөрийн удаашрал, хуримтлагдсан өрийн улмаас ноцтой нөхцөл байдал бий болоод байна.  2025 онд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр нэмэгдсэнээс улбаалан эм хангамжийн байгууллагуудын хэвийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаад  буй. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч, эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдох бодит нөхцөл бүрдээд байна.Иймээс эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг барагдуулахыг онцгойлон анхаарч, шийдвэрлэж ажиллахыг шаардсан албан шаардлага, мэдэгдлийг УИХ, Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон төрийн эрх бүхий байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй.

Иймд эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүслээ.

Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.