АН-ын дүрмээр Б.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар АН-ын даргад нэр дэвших боломжгүй

АН-ын дүрмээр Б.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар АН-ын даргад нэр дэвших боломжгүй

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ долоо хоногийн Пүрэв гарагт /2025.08.28/ зарлагдаад байгаа бол намын Их хурал нь Ням гарагт /2025.08.31/ болох гэж байна. Эдгээр хурлаар АН-ын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон.

АН-ын дотоод зохион байгуулалт гэдэгт Л.Гантөмөр намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудал багтаж байгаа бөгөөд тэрбээр, энэ сарын 22 /2025.08.22/-ны өдөр болох охиныхоо хуримын дараа ҮБХ-ны хурлаа зарлаж, ажлаа өгнө гэдгээ уламжилсан гэдэг. Энэ дагуу АН-ын хурлууд Л.Гантөмөрийн охины хуримын дараа зарлагдаж байна. Тэрбээр албан ёсоор өргөдлөө өгсөн гэдгийг АН-ын ҮБХ-ын дарга О.Амгаланбаатар мэдэгдсэн. 

АН-ын даргад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Б.Жаргалан, Б.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нар нэр дэвших мэдээлэл бий. 

Тэгвэл АН-ын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмээр Б.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар намын даргад нэрээ дэвшүүлэх боломжгүй байна. Тодруулбал, Намын дүрмийн 5.17.4-т "Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэж заасан байгаа юм. 

Удахгүй батлах шинэ дүрэмд ҮБХ-ны гишүүнээр 8-аас доошгүй жил ажилласан болгож хугацааг нэмж буй.

Тэгэхээр хуучин, шинэ дүрмийн алинаар ч О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхбаясгалан нэрээ дэвшүүлэх боломжгүй аж. Нөгөөтэйгүүр намын даргад нэр дэвшиж буй хүн нь намын ялалт, ялагдалд хамт байсан, зовлон жаргалыг мэддэг, туршлагатай байх ёстой гэх шаардлагыг дотооддоо ярьж буй. Харин Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, Б.Жаргалан нарын хувьд намын дарга бус дэд дарга, болох эсвэл бүлгийн дарга эсвэл бүлгийн даргад зорьж байж болзошгүй юм. Учир нь О.Цогтгэрэл намын даргаар сонгогдвол бүлгийн даргыг шинээр сонгох асуудлыг ирэх намар хэлэлцэх юм.