АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг товч байдлаар хүргэлээ. АТГ-аас тавдугаар сард хийсэн ажлынхаа тайланг танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон энэ талаар тодруулна уу?
-Манайд энэ талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй. Энэ асуудалтай холбоотой өргөдөл гомдол ирээгүй.
-Хөгжлийн банктай холбоотой шалгалтын ажил ямар шатанд явж байгаа вэ. О.Орхон, Ц.Элбэгдорж нар хил давсан гэх мэдээлэл бий?
-Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад, хэн нэгнийг гэмт хэрэгт тооцох эрх бидэнд байхгүй. Иймд банктай холбоотой асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул тухайн байгууллагаас тодруулна уу.
-МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэргийн хөөн хэлэлцэн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хандлагатай байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу. Хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээ дуусч, ийм үндэслэл яагаад гарч ирэв?
-МХЕГ-ын байцаагч нар гэж байгаа боловч хэлтсийн дарга, зарим албан тушаалтантай холбоотой хэрэг юм. Энэ нь шүүхээр шийдэгдсэн. Хэрэг гарах болсон нөхцөл байдлыг судлахад тухайн үйл ажиллагааг нарийн тодорхойлсон журам байгаагүй буюу албан тушаалтнууд үзэмжээр ажиллах боломжийг бүрдүүлчихсэн байсан. Иймд бид зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагааг ил, тод нээлттэйгээр, холбогдох журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.
-ЖДҮХС-гийн шинэчилсэн журмыг баталлаа. Энэ журам нь танай байгууллагаас тавьсан шаардлагад хэр нийцэж байна вэ?
-100 хувь нийцэх боломж байхгүй. Гэхдээ өмнөх зохицуулагдаж байсан журмаас нэлээд ахиц гарсан. Хэсэг бүлэг хүмүүс үзэмжээр асуудалд хандадж байсныг хязгаарласан, авлига албан тушаалын хэргээс сэргийлсэн журам болсон гэж үзэж байгаа.
-Хүүхдийн шударга байдлын анхны үнэлгээ нь хэд байсан бэ?
-Үнэлгээ анх 2010 онд хийгдэхэд 3.29 пункттэй байсан. 2014 оныг хүртэл үзүүлэлт өсөж ДӨРӨВ гэсэн пункттэй болсон. Харин үүнээс хойш буурсаар 3.91 болсон. Энэ жил 21 аймаг, есөн дүүргийн 6,576 хүүхдийг хамруулсан.
-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхсөн хэрэг бий юу. Ийм судалгаа хийгдсэн үү?
-Манайд шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, эсвэл дөхөж буй хэрэг байхгүй.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал юу болж байна. Нэмээд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж байна вэ?
-Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд прокурорын хяналтад шалгагдаж байна. Прокуророос эрчимжүүлэх даалгавар ирсэн. Мөн манай газрын дарга ч гэсэн Мөрдөн шалгах албанд эрчимжүүлсэн байдлаар ажиллах чиглэл өгсөн.
-Эрүүл мэндийн яамны хоёр ажилтан авлигын хэрэг холбогдон хоригдоод суллагдсан. Энэ асуудлын шалгалтын ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа вэ?
-Одоохондоо энэ хэргийн талаар хэрэг бүртгэлийн мэдээлэл байхгүй учраас шууд хариулах боломж алга.
-Мобикомын удирдлагууд шалгагдаж байгаа юу?
-Прокурорын байгууллагаас тодруулна уу.
-ХОМ-ЭЭ БУРУУ МЭДЭЭЛСЭН ДАРГА НАРЫН ЦАЛИНГ ХАССАН-
ТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ 5 дугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:
-МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
-Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
-Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр
-Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар болно.
Дээр дурдсан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасны дагуу ажлаас халах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага тооцуулжээ. Өнөөдрийн байдлаар 33 албан тушаалтны мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
-МХЕГ-Т ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ШАЛГАВ-
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбоотой тодорхой гэмт хэрэг үйлдэгдэж, эрүүгийн хэргийг АТГ шалгаж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн. МХЕГ-т зөвлөмж хүргүүлж, уг зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцаж, хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ хийсэн.
МХЕГ-аас экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь хөндлөнгийн хяналтгүй хийгддэг байсныг өөрчилж байгаа юм байна. 11 ажлыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Авлигад өртөх эрсдэлтэй ажил, үйлчилгээг тодорхойлон ажиллаж эхэлжээ. Цаашид зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, экспорт, импортын гэрчилгээ олгох журмыг нэн даруй батлуулах шаардлагатай байгаа.
-ТӨРИЙН 15 БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭРСДЛИЙГ ТОГТООЖЭЭ-
АТГ-аас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тооцож, үнэлгээ хийсэн. Одоо тайлан бичих шатандаа явж байна. Энэ жилийн хувьд улсын зургаан эмнэлэг, гурван их сургууль, төрийн өмчит зургаан хуулийн этгээдийг авлигын эрсдлийн үнэлгээнд хамруулсан. Авлигын эрсдлийн үнэлгээ хийхийн утга учир нь тухайн төрийн байгууллагад авлигын ямар эрсдэлтэй зан үйл, нөхцөл байдал, шинж тэмдэг байгааг тодорхойлох зорилготой.