“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар үндсэн илтгэл тавилаа.
Монгол Улс зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ирсэн. Энэ хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл байгаа ч алдсан төсөл ч олон байгааг Сангийн сайд илтгэлийнхээ эхэнд онцлов. Монголын Улсад 2011 онд орж ирж байсан шууд хөрөнгө оруулалтын үр дүнд нэг жилийн дотор ДНБ 17 хувиар өссөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.
Гэтэл 2020 онд цар тахал болон бусад нөлөөллөөс шалтгаалан эдийн засаг -5 хувь болсон буюу 2011-2020 онд ДНБ-д 22 хувийн савалгаа үүсжээ. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний бодлогоор хуримтлал бий болгож чадаагүйгээс эдийн засгийн хүндрэлийг сөрөх нөөцөө бүрдүүлж чадаагүй нь гадаадын хөрөнгө оруулагчдад “эрсдэлтэй эдийн засгийн орчин” гэдэг ойлголт төрүүлсэн байна. Коронавирусний үед Монгол Улс төсөв, мөнгөний хавсарсан бодлого хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь үр дүнгээ өгч, 2021 онд 1.4 хувиар өсгөсөн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, “Төсвийн бодлогоор бизнесийн салбарт 4.7 их наяд төгрөгийн “вакцин” хийлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамж гэхээс илүү үүгээр дамжуулж өрхийн орлогыг дэмжих бодлого хэрэгжүүллээ. Мөн татварын хөнгөлөлт, цахилгаан, дулааны мөнгийг төрөөс хариуцсан зэргийг дээрх 4.7 их наядад багтаан тооцсон. Энэ нь Монгол Улсын жилийн төсвийн 20 хувьтай тэнцэж байна” гэлээ.
Монгол Улсад 1990 оноос хойш 35.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний үндсэндээ 50 хувь нь “Оюутолгой төсөл”-тэй холбоотой аж. Нийт хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхай, 17 хувь нь худалдаа үйлчилгээ, 3 хувь нь банк санхүү, 10 хувь нь бусад салбарт чиглэсэн байна. Бүтээлч салбар буюу аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, барилга, тээврийн салбарт тус бүр нийт хөрөнгө оруулалтын ердөө нэг хувь нь орсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын байгалийн баялаг бол богино хугацаанд ашиг олж болох салбар юм. Тиймээс Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа бөгөөд төр энэ чиглэлээр менежмент хийх шаардлагатай гэдгийг Сангийн сайд тайлбарлав.
Тэрбээр, “Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлд маш сайн үнэлгээтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд олон улсад нэг тэрбум ам.долларын бонд гаргахад 6 тэрбум ам.долларын санал авсан. Үүнийг үнэлж Азийн санхүүгийн зах зээлийн шилдэг гурван шагналын нэгийг авсныг би өчигдөр орой шуудангаар хүлээж авлаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсад “В” үнэлгээтэй байгаа боловч хөрөнгө оруулалтын өгөөж “ВВ+” үнэлгээтэй улс орнуудтай ижил хэмжээнд байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч нар бидэнд илүү их итгэл үзүүлж байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт” гэв.
Монгол Улсын нийт гадаад өр 30 тэрбум ам.доллар байгаагаас 8.7 тэрбум нь Засгийн газрын аж. Засгийн газрын өрийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад тусгай шаардлагын дагуу өндөр сахилга баттай барагдуулж байгаа гэдгийг Сангийн сайд танилцууллаа. Тодруулбал, Монгол Улс энэ онд Засгийн газрын өрийг ДНБ-ийн 70 хувьд барих ёстой. Гэхдээ өнгөрсөн оны эцэст ДНБ-ийн 51 хувь хүртэл бууруулж чадсан байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрөөс болгоомжлах шаардлагагүй бөгөөд орж ирж буй хөрөнгө оруулалт бүрээр дараагийн орлогыг бүрдүүлэх өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа юм.
Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэх үү” гэдэг судалгаагаар 190 улсаас 81 дүгээр байрт байна. Уг судалгааны үндсэн 10 үзүүлэлтээс жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах, барилгын зөвшөөрөл авах, зээл авах гэсэн үзүүлэлтээр ногоон буюу сайн үнэлгээ авсан байна. Мөн анхаарах шаардлагатай буюу шар үзүүлэлтэд татвар төлөлт, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, гэрээ хэрэгжүүлэх, улаан буюу муу үзүүлэлтэд бизнес эхлүүлэх, хил дамнасан худалдаа хийх, дампуурлыг шийдвэрлэх, цахилгаанд холбогдох зэрэг багтсан байна. Эндээс Монгол Улс юунд анхаарах шаардлагатай байгаа нь нарийн харагдаж байгаа бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого” ч үүнд чиглэж байгааг Сангийн сайд тайлбарлав. Тухайлбал, тус бодлогын Боомтын, Эрчим хүчний, Аж үйлдвэрийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын зардлыг хэмнэж, өртгийг бууруулж, тэднийг татах боломж бүрдэх юм. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэчлэн баталж, цахим шилжилтийг амжилттай хийснээр бизнесийн орчин сайжирна хэмээн Засгийн газар үзэж буй юм.
Монгол Улс нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийн шилдэг 20 орны жагсаалтад ордог. Гэтэл нэг хүнд ногдох жилийн орлого ердөө 3000 ам.доллар гаруй байгаа. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэргэлтийг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох орлогыг 10 жилийн дараа гэхэд хамгийн багадаа 10 мянган ам.долларт хүргэхээр төлөвлөсөн байна. Төв банканд байгаа валютын нөөц хамгийн багадаа 10 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэдгийг Сангийн онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Энэ удаагийн эдийн засгийн форумаар бид дэвшил гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, 20 багцын 94 төслийг хөрөнгө оруулагчдад санад болгож байна. Энэ бол 100-120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын том зах зээлийг санал болгож байгаа. Нийт 94 төслөөс 60-ынх нь ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэрэг бэлтгэл ажлаа 100 хувь хангасан, зарим нь хөрөнгө оруулагчаа татчихсан, зарим нь хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа. Харин 31 төсөл нь ТЭЗҮ-гээ хийгээгүй, байгаль орчны үнэлгээгээ хийгээгүй байгаа. Эдгээр төсөлд түлхүү анхаарахыг хөрөнгө оруулагчиддаа санал болгож байна” гэлээ.
Засгийн газраас хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломжтой. Тухайлбал, Хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах уул уурхайн бус компанид хөрөнгө оруулагчийн ногдол ашгийн татварыг 50 хувь бууруулах, тус биржээр нээлттэй арилжаалах компанийн үнэт цаас, борлуулсны орлогын татварт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх зэрэг заалт тусгасан хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын томоохон хөгжлийн төслийн үндсэн хөрөнгийн импортын, гаалийн, НӨАТ-ын татвар төлөх хугацааг 4 жилээр хойшлуулдаг болох заалтыг мөн тусгасан бөгөөд ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөжээ.