ВИДЕО: "Үнийн өсөлт манайд хамаагүй" гэх Т.Гантулга дарга тэтгэвэрт гарахаа хүлээж, МХЕГ-аас ШӨХТГ-д сэлгэн томилогдсон уу

ВИДЕО: "Үнийн өсөлт манайд хамаагүй" гэх Т.Гантулга дарга тэтгэвэрт гарахаа хүлээж, МХЕГ-аас ШӨХТГ-д сэлгэн томилогдсон уу

Энэ оны нэгдүгээр сарын 19 /2022.01.19/-ны өдөр болсон Засгийн газрын хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар сэлгэн томилж, харин МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэр гаргасан байдаг.

Харин энэ үеэр "ирэх зун юм уу, намраас МХЕГ, ШӨХТГ-уудыг нэгтгэнэ гэнэ. Учир нь Т.Гантулга дарга удахгүй тэтгэвэртээ гарах тул, тэр хүртэл ШӨХТГ-ыг түр удирдах аж" гэх бороо шувуу ч төрийн ордонд гарч байв. 

Харин Т.Гантулга ШӨХТГ-ын тамгыг гардаж авах үеэрээ "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана" хэмээн мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч Т.Гантулга тус ажлыг авснаас хойш хэрэглэгчийн эрхийг хамгаалах дорвитой ажил хийсэнгүй гэх шүүмжлэлд өртөх болсон. Тухайлбал, "Сар шинийн баяраас хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүйгээр огцом нэмэгдэж байхад ШӨХТГ үүнд арга хэмжээ авч, үнийн өсөлтийг үндэслэлтэй эсэхийг судлаагүй. Мөн өнөөдөр Орос Украины хурцдмал байдалтай холбоотойгоор зарим бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, зарим нь үнийг шалтгаангүй хөөрөгдөж байхад Т.Гантулга дарга "үнийн хөөрөгдөл бидэнд хамааралгүй" гэх зүйл яриад явж байгаа нь ийнхүү иргэдийн дургүйцлийг төрүүлэх болжээ. 

Тодруулбал, ШӨХТГ-ын дарга Т.Гантулга нь нэр бүхий мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа "Үнийн хөөрөгдлийн асуудал өрсөлдөөний тухай хуулиар манай газарт ямар ч хамаа байхгүй. Цар тахлын үед монголчууд хүнд байдалтай байлаа. Үүний дараа Орос Украины хооронд үүссэн асуудалтай холбоотойгоор дэлхий даяараа юмны үнэ өсөж байна" гэжээ. 

ВИДЕО: 

Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-д, Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэж заажээ. 

Мөн тус хуулийн 15.1.4-д, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах эрхтэй хэмээн заасан байна. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Үүнээс үзэхэд үнийн хөөрөгдөл нь ШӨХТГ-т огт хамаагүй асуудал биш байх нь. Гэтэл тус газрын шинэхэн дарга нь ийнхүү бүх бурууг Ковид, Орос Украины асуудалтай холбон өөрөөсөө зайлуулж суух ажээ. 

-Т.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ-

Т.Гантулга 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн. 1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач, 2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой аж.

Түүний ажлын туршлагаас нь дурьдвал, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Эрчим хүчний дэд сайд, 2020 онд МХЕГ-ын дарга, 2022 оны нэгдүгээр сараас ШӨХТГ-ын даргаар ажилласан улс төрийн нам дагаж, дэвшсэн нэгэн ажээ.

Т.ГАНТУЛГА ХОЁР ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ТНБД-ААР АЖИЛЛАХДАА САЛБАРЫН ТЭРГҮҮН БОЛЖЭЭ 

Нөгөөтээгүүр, Т.Гантулга нь МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа буюу 2001 онд Алтангадас одонгоор шагнуулсан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ. Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа     Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, Монгол Улсын Засгийн Газрын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнагдсан нь мөн л анхаарал татаж буй юм.