ТАНИЛЦ: Караоке, зочид буудлын өрөөнд бичлэг хийвэл 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

ТАНИЛЦ: Караоке, зочид буудлын өрөөнд бичлэг хийвэл 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Зөрчлийн тухай хуулийг хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан билээ. Тэгвэл тус хуулийг дахин шинэчлэн найруулахаар болжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар төр шууд торгодоггүй, шалган тусалдаг, зөвлөдөг байдлаар төслийг боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолсон.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн найруулсан хуулийн төсөлд “Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн зааж, ирэх тавдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж заажээ.

Мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Тэгвэл 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмж, ирэх тавдугаар сарын нэгний өдрөөс дагаж мөрдөх хуулийн заалтуудыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Зөрчлийн тухай хууль:

6.22 дугаар зүйл.Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх

  • 1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 2.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 3.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 4.Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлд заасан “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно.

6.27 дугаар зүйл.Хүний хувийн мэдээлэл хамгаалах  тухай хууль зөрчих

  • 1.Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 2.Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 3.Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.18 дугаар зүйл. Генетик нөөцийн тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

  • 1.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан;
  • 1.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бусдад дамжуулсан, худалдсан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
  • 2.1.генетик нөөцийг хилээр нэвтрүүлэхдээ зөвшөөрөл авах;
  • 2.2.генетик нөөцийг хилээр нэвтрүүлэхдээ генетик нөөцийн биет, эсхүл сорьцын ижил хувийг генийн санд хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 3.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглаж байгаа тухай ажлын тайлан, мэдээгээ хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх;
  • 3.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулах;
  • 3.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журмыг сахин мөрдөх;
  • 3.4.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, мэдээллийн нууцыг хадгалах,  генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг сахин мөрдөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 4.1.генетик нөөц ашигласны төлбөр, мөнгөн болон мөнгөн бус үр шимийг төлөөгүй;
  • 4.2.генетик нөөцийг ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо мэдүүлээгүй, тоо хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдүүлсэн;
  • 4.3.үр шимийн гэрээнд заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 14.13 дугаар зүйл.Кибер аюулгүй байдлын тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

  • 1.Шинээр нэвтрүүлсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэл бүрд кибер аюулгүй байдлын холбогдох шалгалт хийх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 2.Кибер халдлага, зөрчилд өртсөн хэрэглэгчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 3.Эрх бүхий байгууллагын шаардсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг холбогдох байгууллагад ирүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 4.Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох мэдээллийн системгүй, эсхүл шаардлага хангасан кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвд холбогдоогүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 5.Мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг задруулсан бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 6.Кибер аюулгүй байдлын талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.34 дүгээр зүйл. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зөрчих

  • 1.Албаны нууцаас бусад хязгаарлалттай мэдээллийг хууль бусаар ашигласан, задруулсан нь гэмт хэргийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь хуульд нээлттэй байлгахаар заасан мэдээллийг нээлттэй байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.