Хотын захиргаа Яармаг руу биш, СБД-ийн ЗДТГ-ын оронд баригдаж байгаа ШИНЭ БАЙШИНД нүүж орно

Хотын захиргаа Яармаг руу биш, СБД-ийн ЗДТГ-ын оронд баригдаж байгаа ШИНЭ БАЙШИНД нүүж орно

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн найман бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргааг 2019 оны эхээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармаг руу нүүлгэн шилжүүлэхээр болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу Нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт 5 блок барилга барихаар төлөвлөж, барилгын ажил эхлээд дуусах шатандаа явж буй.

Гэвч энэ зорилго, төлөвлөгөө хэрэгжихгүйн бололтой. Тодруулбал, хотын захиргааны шинэ барилга нэртэйгээр баригдаж буй байранд “Нийслэлийн хүүхэд залуучуудын ордон” болох гэж байгаа мэдээлэл бидэнд байна. Харин хотын захиргаа Яармаг руу бус хуучин Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ыг буулгаад шинээр барьж буй барилга руу нүүх аж.

2016 Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаад, 2018 онд шинэ барилгын ажил эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар 16 давхар оффисын барилгын ажлыг Ерөнхий гүйцэтгэгч “Асар өргөө” ХХК гүйцэтгэж буй юм байна. Тухайн 16 давхар барилгад хотын захиргаа нүүж орно.

Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагууд Сэлбэ голын эрэг дээрх 10 давхар шинэ байранд нүүж ороод иргэдэд үйлчлэх нэгдсэн үйлчилгээний төвтэй болсон билээ.

Уг нь хотын захиргаа Яармаг руу нүүснээр олон асуудал шийдэгдэнэ гэж хотын удирдлагууд ярьж байв. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр эл ачаалал тодорхой хувиар буурна гэж тайлбарлацгааж байсан. Ингэснээр автомашины түгжрэл арилах, агаарын бохирдлыг буурах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулна гэцгээж байсан ч талаар болох нь.