Ч.Хүрэлбаатар: Байгалийн түүхийн музей, театр, номын сан барихад 91 тэрбум төгрөг зарцуулна

Ч.Хүрэлбаатар: Байгалийн түүхийн музей, театр, номын сан барихад 91 тэрбум төгрөг зарцуулна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан төсвийн талаар танилцуулга хийлээ. Танилцуулгын эхэнд Сангийн сайд дэлхийн болон Ази, Европын орнуудын эдийн засгийн төлөвийг товч дурдлаа.     

Ирэх оны улсын төсвийг Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцүүлжээ. Эдийн засгийн өсөлт ирэх онд 7-8 хувь, инфляц одоогийнхтой ижил буюу 8 хувь байна гэв. Саарал жагсаалтад орох эрсдэл одоо ч байгаа тул үүнд санаа зовж байгаагаа Ч.Хүрэлбатаар сайд илэрхийлсэн юм. Хэрэв энэ жагсаалтад орвол манай зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт, гадаад валютын гүйлгээнд сөргөөр нөлөөлнө.

Түүхий эдийн үнийн уналт дараагийн том эрсдэл аж. БНХАУ-АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны маргаан, түүхий эдийн үнийн тодорхойгүй байдал, өвөлжилт хүндэрвэл эдийн засагт нөлөөлнө. Банкуудын активын буюу өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг ОУВС шалгасан гэдгийг дурдлаа.

Сүүлийн хоёр жилд улсын төсвөөс ЖДҮХС-д мөнгө хуваарилаагүй. Учир нь үр ашиг багатай байсан. Мөн сүүлийн хоёр жилд улсын төсвийг тодотгоогүй. Энэ онд төсвийн алдагдал 2 их наяд төгрөгийн алдагдалтай ч 2023 оноос эхлэн ашигтай болно. Алдагдлыг шууд танах нь иргэд, ААН-д сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул алдагдлыг аажим булгана гэв.

Улсын нэгдсэн төсвийн:

  • Тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 29 хувь
  • Нийт зарлагын дээд хэмжээг 13,8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Ирэх оны улс, орон нутгийн төсвийн гол онцлогууд:  

  • НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болгоно.
  • Газрын төлбөрийг бүрэн хураах зорилгоор эрх зүйн орчныг сайжруулна. Газар үнэт баялаг. Гэвч орлогоо бүрэн авч чаддаггүй. Ирэх онд газрын төлбөрийн 40 хувийг сумдад олгоно. Өмнө нь аймагт хуваарилдаг байсан. Газар олгох шийдвэр гарлаа л бол төлбөрийг шууд хураана. Харин одоо шийдвэр гарчхаад байхад гэрээ байгуулаагүй хэмээн төлбөр төлдөггүй, хойшлуулдаг. Газрын бүх мэдээллийг цахимжуулна.
  • Дотоод, гадаад бонд гаргахгүй.
  • Ирэх оноос эхлэн МСҮТ-ийн оюутнууд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг болно.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг нэмнэ.

Уул уухайн голлох бүтээгдэхүүнүүд

  • 42 сая тонн нүүрс худалдана. (эрчим хүчний нүүрсийг 75, коксжих нүүрсийг 125 ам.доллараар тус тус худалдана.)
  • 1225 мянган тонн зэсийн баяжмал худалдана.
  • Төмрийн хүдэр, алтны үнэ өсөх тооцоо хийсэн.

Иргэдтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь 4 хүүхэдтэй эхэд 6 жилийг нэмж тооцно.
  • Цалинг инфляцтай уялдуулан нэмэхэд 160 тэрбум төгрөгийн
  • Төрийн албаны шинэ хууль хэрэгжих тул 140 тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгасан. Жишээ нь багш нарын дундаж цалин 1.5 сая болно.
  • Эрүүл шүд хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.

БУСАД ЗАРДЛУУД

  • Байгалийн түүхийн музей шинээр барихад 53 тэрбум,
  • Үндэсний урлагийн их театр шинээр барихад 30 тэрбум,
  • Улсын драмын эрдмийн театр шинээр барихад 4 тэрбум,
  • Төв номын сан шинээр барихад 4 тэрбум,
  • Дуур бүжгийн эрдмийн театрыг мөн шинээр барина.
  • Нийслэлд гал унтраах аврах ангийн барилга шинээр барихад 13.4 тэрбум,
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний цогц төв барина.
  • Орон нутгийн хөгжлийн санд нийт 188 тэрбум төгрөг хуваарилна.
  • Сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг (бүс бүрээс 1 сум сонгон, хашааны айлуудыг дэд бүтцэд холбоно.)
  • 2020 оны олимпийн наадамд 20, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг,
  • Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг,
  • УИХ-ын сонгуулийн зардалд 20, олон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг,
  • Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг,
  • Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.
  • Дарханы аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад 15 тэрбум,
  • Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг,
  • Улсын авто замын санд 55 тэрбум,
  • Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум,
  • Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум,
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум төгрөг тус тус зарцуулна.