Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ

Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.

Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгасан байна.

Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.

Монгол-Японы эмнэлгийн тухайд

Япон улсын 7 тэрбум 985 сая иенийн буцалтгүй тусламжаар Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг байгуулах гэрээг 2015 оны тавдугаар сарын 12-ны өдөр байгуулсан нь буцалтгүй тусламжийн мөнгөн дүнгээр томоохон бүтээн байгуулалт болсон юм.

Тус улсын буцалтгүй тусламжаар тус эмнэлгийн барилгад 7,985,000,000 иен, аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд 1,393,000,000 иен, нийт 9,378,000,000 иенийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн зориулалтын барилга барих, 360 гаруй нэр төрлийн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, тус эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтнийг 24 удаагийн сургалтад хамруулж бүрэн бэлтгэх зэрэг гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр эмнэлгийн үйл ажиллагааг нээж, Монголын талд хүлээлгэн өгсөн билээ.