"Гишүүд нь эзгүй" учир АН-ын Дотоод сонгуулийн хорооны хуралдаан дахин хойшилжээ

"Гишүүд нь эзгүй" учир АН-ын Дотоод сонгуулийн хорооны хуралдаан дахин хойшилжээ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-ны хурал өнгөрсөн сарын 24-ны өдөр /2022.01.24/ 14.00 цагт хуралдахаар тов зарласан ч коронавирусийн халдварын нөхцөл, байдалтай холбоотойгоор энэ сарын 09-ны /2022.02.09/ өдрийг хүртэл хойшлуулсан. 

Тэгвэл товлосон ёсоор Дотоод сонгуулийн хороо маргааш хуралдах эсэхийг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас тодруулахад "Манай гишүүд гадаад руу явсан. Ирц хүрэхгүй байгаа учраас гишүүдээ  гадаадаас ирэхээр нь хуралдана. Тов хэлж чадахгүй байна" гэлээ. 

Уг хуралдаанаар Улсын Дээд шүүхийн тогтоолтой холбоотойгоор дотоод сонгууль, Их хурлыг дахин зохион байгуулж Ардчилсан намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал, Улсын Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон сонгуулийг хүчингүйд тооцсон. Тиймээс дахин сонгууль зохион байгуулж шинэ даргыг сонгохоос өөр гарцгүй болсон гэж Дотоод сонгуулийн хорооноос үзсэн байна. Уг сонгуульд Ардчилсан намын гишүүд оролцох нь нээлттэй бөгөөд О.Цогтгэрэл, Б.Тулгат тэргүүтэй гишүүд өрсөлдөж болно гэж буй.