А.Ариунзаяа сайдын "Өрөө төлж барагдуулсан" гэх Д.Сумъяабазарын банк ЭМДС-ийн 14,2 тэрбум төгрөгийг төлөөгүй байна

А.Ариунзаяа сайдын "Өрөө төлж барагдуулсан" гэх Д.Сумъяабазарын банк ЭМДС-ийн 14,2 тэрбум төгрөгийг төлөөгүй байна

Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, энэ сэдвийг олны анхааралд өртүүлсэн билээ.

Тэгвэл Д.Сумъяабазар энэ талаар мэдэгдэл хийж, “Би хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар. Тиймээс төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүргийг өгсөн” хэмээн Засгийн газрын индэр дээрээс ам гарч байв.

Түүний хийсэн мэдэгдлийн хэсгээс: 

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт ”Үндэсний хөрөнгө оруулалтын банк 24 тэрбум төгрөгийн өрөө барагдуулсан” болохыг мэдээлсэн. Энэ нь ч цахим сүлжээнд газар авч “Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэндээ хүрч, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийн өрөө төлж барагдуулжээ”, “Д.Сумъяабазар төрд өрөө төлжээ” гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банк Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төрийн банкны дансанд 5.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-т 11.2 тэрбум төгрөг төлжээ.¥

Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 10 тэрбум төгрөгийг ЭМДЕГ-ын дансанд шилжүүлсэн байна. Үүнээс өмнө 1.2 тэрбумыг төлөөд байсан аж. Харин одоо 14.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад “Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн 25.4 тэрбум төгрөг байршиж байсан. Үүнээс 11.2 тэрбумыг төлсөн. Одоо 14.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэсэн юм.

Харин НДЕГ-аас Үндэсний хөрөнгө оруулалтын банк хэдэн төгрөгийн шилжүүлэг хийсэн талаар тодруулахад “Тус банк Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төрийн банкны дансанд 5.4 тэрбум төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний баримтыг үзүүлэх боломжгүй” болохыг тодотголоо.

Үүнээс үзэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хотын дарга Д.Сумъяабазарыг хамгаалж түүнийг өрөө төлж барагдуулсан хэмээн худал мэдээлэв үү, эсвэл харьяа агентлагийнхаа дансанд хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэнийг мэдсэнгүй юу" гэх хардлага төрж байгаа юм. Ямартай ч Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн өрөө төлж барагдуулсан гэх Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрд өрөө бүрэн төлж дуусаагүй нь дээрх мэдээллээр ил болов.