Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан(ЖДҮХС)-аас олгодог зээл татвар төлөгчдийн буюу ард түмний мөнгөөр санхүүждэг. Гэвч 2017, 2018 онуудад УИХ-ын гишүүд, нэр бүхий өндөр албан тушаалтнууд өөрийн нэр дээр болон хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг компаниудад их хэмжээний зээл олгосон нь нотлогдож шуугиан тарьж байв. Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ 2017- 2018 онд авсан зээлээ хугацаанаас нь өмнө буцаан төвлөрүүлсэн албан тушаалтнуудын жагсаалтыг хүргэж байна.
-НЭГ: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАН ӨӨРИЙН БАЙГУУЛСАН КОМПАНИДАА ЖДҮ-ИЙН САНГААС АВСАН 950 САЯ ТӨГРӨГӨӨ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Г.Солтан 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр ЖДҮ-ийн сангаас өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-даа 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тэгвэл тэрбээр уг зээлээ эргүүлэн төлжээ. Улсын бүртгэлийн Ерөнхий газарт түүний нэр дээр бүртгэгдсэн “Монгол Шаазан” ХХК-нь мах махан бүтээгдэхүүн үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тухайн үед “малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар зээл авч байв. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны долдугаар сард болж УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноосон билээ. Ташрамд дуулгахад, “Монгол Шаазан” компанийн захирлаар Г.Солтаны хүү С.Ахмед, гүйцэтгэх захирал, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг байна.
-ХОЁР: ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГ ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХОЁР КОМПАНИЙН НЭР ДЭЭР ЖДҮ-ИЙН САНГААС АВСАН ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-
2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаал хашиж байсан Б.Батзориг өөрийн хамаарал бүхий хоёр компанийн нэр дээр нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон. Тодруулбал, түүний эхнэр Л.Отгонжаргалын захирлаар ажилладаг “Тээвэр ачлал” компани ЖДҮХ-ийн сангаас 1,4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед Б.Батзориг “Надад тийм компани байхгүй” гэж байсан ч Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайтад түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладгийг мэдээлсэн юм.
Мөн түүний хамаарал бүхий гэх “Наму Дэвжих” компани 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр ЖДҮ-ийн сангаас 1,6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. “Наму Дэвжих” нь дээр дурдсан “Тээвэр ачлал”-тай нэг байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үед хэвлэлүүд Б.Батзориг сайдтай мөн холбоотой болохыг мэдээлж байв. Тэгвэл сайд асан өөрийн хамаарал бүхий хоёр компанид ЖДҮХ-ийн сангаас авсан нийт 3 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ. Түүнийг сайдын суудлаа алдаад зогсохгүй улмаар түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шүүхээс 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оноосон юм.
-ГУРАВ: МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУВЬ ЭЗЭМШДЭГ ХОЁР КОМПАНИ ЖДҮХС-ААС НИЙТ 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСНАА ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ БУЦААН ТӨЛЖЭЭ-
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан өөрийн эзэмшлийн “Тайшир Өргөө”, “Агро Технологи Шижирт” компаниудад ЖДҮХ сангаас нийт 1,3 тэрбум төгрөгийн зээлийг 2017, 2018 онуудад тус тус авсан нь илчлэгдэж байв. Тодруулбал, “Тайшир Өргөө” компани нь малын тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр 375 сая төгрөг, “Агро Технологи Шижирт” нь зоорийн үйлчилгээний чиглэлээр 950 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. Д.Амарбаясгалөн нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус хоёр компанийн 30,30 хувийг эзэмшдэг тухай мэдээлсэн байдаг. Тэгвэл эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувь эзэмшдэг тус хоёр компани зээлийг буцаан төвлөрүүлжээ.
-ДӨРӨВ:УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.ЭНХБАЯР ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ХОЁР КОМПАНИДАА ЖДҮХС-ААС АВСАН ЗЭЭЛЭЭ МӨН ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр өөрийн 100 хувь эзэмшлийн “Газар” ХХК-ийн охин компани “Газар Агро”-д ЖДҮХС-аас хоёр ч удаа зээл авсан нь тогтоогдсон. Тодруулбал, 2017 оны 1 дүгээр сарын 2-нд 1,2 тэрбум, 2017 оны есдүгээр сарын 22-ны өдөр 1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авсан байгаа юм. Үүнээс гадна тэрбээр “Газар Буудай” компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тухайн үед олныг шуугиулж байв. “Газар Агро” ХХК нь үхрийн фермийн зориулалтаар нийт 2,2 тэрбум төгрөгийн зээл авсан бол “Газар Буудай” нь соёл амралт, боловсролын барилгын угсралтаар 2018 оны зургадугаар сард 950 сая төгрөгийн зээл авчээ. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өөрийн хамаарал бүхий хоёр компанидаа ЖДҮХС-аас авсан 3,1 тэрбум төгрөгийн зээлийг мөн хугацаанаас нь өмнө эргүүлэн төлжээ.
-ТАВ: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН О.БАТНАСАНЫ ТӨРСӨН ДҮҮГИЙН ЭЗЭМШДЭГ КОМПАНИ ЖДҮХС-ААС АВСАН 950 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан О.Батнасан өөрийн төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувь эзэмшдэг “Топкондитер” ХХК 2018 зургадугаар сарын 11-ний өдөр нийт 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан байдаг. Зээл нь тухайн үеийн ХХААХҮЯ-ны тушаалаар олгогджээ. Тэгвэл Ховдоос сонгогдож байсан гишүүн асны хамаарал бүхий тус компани ЖДҮХС-аас авсан зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төлжээ.
-ЗУРГАА: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.ОЮУНДАРИЙН ХҮҮГИЙН ЭЗЭМШДЭГ ГЭХ КОМПАНИ НЬ ЖДҮХС-ААС АВСАН 800 САЯ ТӨГРӨГИЙГ БУЦААН ТӨЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүүгийн эзэмшдэг гэх "Рэд стар клуб" ХХК нь 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тэгвэл уг зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төлжээ. Н.Оюундарийн 80 хувийг эзэмшдэг/2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар/ "Рэд стар клуб" ХХК нь нарийн ногооны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авч байжээ.
-ДОЛОО: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМАА ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИДАА ЖДҮХС-ААС АВСАН 700 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ БУЦААН ТӨЛЖЭЭ-
2016 онд УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүн асан Б.Ундармаа нь өөрийн эзэмшлийн "ДОКТОР МЭИК" ХХК-д 2017 оны хоёрдугаар сард 700 сая төгрөгийн зээл авснаа мөн эргүүлэн төлжээ. Б.Ундармаагийн 2018 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт нийт эзэмшдэг компанийнх нь үнэ цэнэ 128 тэрбумаар хэмжигдсэн байдаг. Гэтэл тийнхүү иргэдтэйгээ “барьцан” зээл авсныг тухайн үед олон хүн шүүмжилж байв. Ташрамд сануулахад, түүнд холбогдох уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулсан билээ.
-НАЙМ:УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГИЙН ТӨРСӨН ДҮҮГИЙН КОМПАНИ ЖДҮХС-ААС АВСАН 800 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ЭРҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны наймдугаар сарын 3-ны өдөр ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. Мах махан бүтээгдэхүүний үйлчилгээний чиглэлээр авсан зээлээ тус компани эргүүлэн төлжээ.
-ЕС: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ЭЭЖИЙН КОМПАНИ ЖДҮХС-ААС АВСАН 700 САЯ ТӨГРӨГ АВСНАА ЭРГҮҮЛЭН ТӨЛӨВ-
ЖДҮХС-аас авсан зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн “эрхмүүд”-ийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн удаалж байна. Тодруулбал, гишүүн асны ээж Д.Дэнсмаагийн “Спа цогцолбор” ХХК ЖДҮХС-аас 2017 оны есдүгээр сарын 26-ны өдөр 700 сая төгрөгийн зээл авч байжээ. “Спа цогцолбор” нь 3,4-р хороолод байрлах “Говь саун”-ыг эзэмшдэг компани юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд одоо ч тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.Дэнсаа бүртгэлтэй байна.
-АРАВ: УИХ-ЫН ГИШҮҮН АСАН А.СҮХБАТЫН ТӨРСӨН ДҮҮГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ ЖДҮХС-ААС АВСАН 800 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЭРГҮҮЛЭН ТӨЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын отгон дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэлтүмэн хишиг" компани 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ЖДҮХС-аас нийт 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. Зээлийн зориулалт нь цайны ургамал тариалалт бөгөөд 800 сая төгрөгийн зээлээ хугацаанаас нь өмнө буцаан төлжээ.
Тэгвэл ЖДҮХС-аас 2017,2018 онуудад зээл авсан ч хугацаанаас өмнө буцаан төвлөрүүлсэн зээлдэгчдийн жагсаалтад:
- Монгол Улсын ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар(Тэрбээр өөрийн 100 хувь эзэмдэг “Цэн стайл” ХХК-даа зээл авсан байдаг)
- Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчаар ажилладаг байсан Ш.Хонгорзул (Түүний эзэмшдэг Хосбогд Агро ХХК 2018 онд ЖДҮХС-гаас 630,000,000 төгрөгийн зээл авсан байдаг)
- Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал асан Ц.Амарсанаа(Түүний эзэмшдэг “Их Улс” ХХК 2017 онд ЖДҮХС-гаас 680,000,000 төгрөгийн зээл авсан байдаг) нарын мэдээлэл алга байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан хүмүүс 2017-2018 онуудад ЖДҮХС-аас өөрийн эзэмшдэг болон хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр их хэмжээний зээл авсан ч эргүүлэн төлөөгүй байж болзошгүй байна.
Үргэлжлэл бий