ХӨШИГНИЙ ЦААНА: “Омикрон” илэрснээс хойш Монголд ирсэн 4 мянган иргэн “давтан шинжилгээ” өгөлгүй, гадуур явсан талаар яригджээ

ХӨШИГНИЙ ЦААНА: “Омикрон” илэрснээс хойш Монголд ирсэн 4 мянган иргэн “давтан шинжилгээ” өгөлгүй, гадуур явсан талаар яригджээ

Дэлхийн хэмжээнд коронавирусний “дельта” хувилбар давамгайлан тархсан хэвээр байгаа ч “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гараг /2021.12.21/-т мэдэгдсэн. Тус байгууллагын мэдээллээр, “омикрон” хувилбар 106 оронд батлагдаад байна.

-5 МЯНГАН ИРГЭН БУЦАЖ ИРСНИЙ ЕРДӨӨ 1 МЯНГА НЬ “ДАВТАН ШИНЖИЛГЭЭ”-НД ХАМРАГДЖЭЭ-

Тэгвэл өчигдөр /2021.12.22/ болсон Засгийн газрын хурлаар “омикрон” хувилбарынталаар нэлээн удаан ярилцсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Тодруулбал, энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “олон оронд амжилттай хэрэгжлүүлж байгаа арга хэмжээнүүдийг судалж, хэзээнээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоногт тусгаарлах вэ гэдгийг шийд” гэж УОК-т даалгажээ. Иймд УОК-оос доорх шийдвэрийг гаргаж, хэвлэлийн хурал хийсэн бололтой.

УОК-ын 2021.12.22-ны мэдээлэл:

Харин хамгийн ноцтой нь, коронавирусийн “омикрон” хувилбар бүртгэгдснээс хойш 6 мянга гаруй манай улсын иргэн гадаад оронд зорчсоны 5 мянга орчим нь эх орондоо эргэж ирээд байгаа аж. Харин тэд “гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, давтан шинжилгээг дөрөв хоногийг дараа өгөх ёстой” ч тэдний ихэнх нь энэхүү заавар, журмыг мөрдөөгүй байна. Тодруулбал, дээрх 5 мянга орчим иргэний 1 мянга орчим иргэн л “давтан шинжилгээ”-нд хамрагдсан бол, бусад 4 мянган иргэн шинжилгээнд хамрагдаагүй, цаашлаад гадуур явж, маш хариуцлаггүй үйлдэл гаргасан талаар Засгийн газрын хурлын үеэр яригджээ. 

Иймд удахгүй буцаж ирэх 1 мянга гаруй иргэдийг эх орондоо ирэхэд нь “гурван хоног тусгаарлах байранд тусгаарлах шаарлагатай” гэж үзсэн байна. Учир нь  коронавирусийн “омикрон” хувилбар 2,5 хоногт илэрч байгаа ажээ. Иймд гурав хоног тусгаарлаж, давтан шинжилгээ авая гэж шийдвэрлэжээ.

-ОМИКРОН НЬ ӨВДӨӨД ЭДГЭРСЭН ХҮМҮҮСИЙГ ДАХИН ӨВЧЛҮҮЛЭХ ЧАДВАР ӨНДӨР-

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” буюу аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон (Omicron) үсгээр нэрлэх шийдвэрийг гаргасан. Бусад хувилбаруудтай харьцуулахад Омикрон нь дахин халдварлах чадвар өндөр гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ. Өөрөөр хэлбэл өвдөөд эдгэрсэн хүмүүсийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй юм байна. Тиймээс өнөөдөр дэлхий дахинд хамгийн өргөн тархаад байгаа Дельта хувилбараас илүү аюул учруулж болзошгүйг ДЭМБ анхааруулсан. Мөн урьдчилсан мэдээлэл болон “омикрон” омгийн уургийн нэлээд өөрчлөгдсөн эсрэгтөрөгчийн профиль нь уг хувилбарын эсрэг вакцины үр нөлөөг бууруулж байгааг харуулж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.