Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хэр чанартай хийсэн, ард нийтийн санал асуулгыг явуулах нь зөв, эсэх, Ерөнхийлөгчийн санал болгосон засаглалын хэлбэрийг ард түмнээс асууж болох уу зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
РЕФОРМЫН ШИНЖТЭЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙГДЭЭГҮЙ, МӨЛГӨР БОЛСОН
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Мөн ирэх сард ард нийтийн санал асуулгыг явуулах нь тодорхой болж байх шиг байна. Зорьсон хувилбараараа Үндсэн хуулийг өөрчилж чадсан уу?
-Анхнаасаа Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийхээр зорьсон бэ. Энэ талаар эхэлж ярих нь зүйтэй болов уу. Энэ удаа хэд, хэдэн сайн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж байна. Гэхдээ гуя дагаж хүзүү гэгчээр олны шүүмжлэлийг дагуулсан гурван заалтыг Үндсэн хуульд оруулахаар оролдсон. Тодруулбал, нэгдүгээрт, 108 эсвэл 99 гишүүнтэй болгох замаар гэмт хэрэгт холбогдсон 55 гишүүн УИХ-д сэмхэн орохоор зэхсэн. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнээр ажиллах хугацааг таван жил болгох гэсэн. Гуравдугаарт, олон жил ард түмнийг төрд төлөөлсөн ч хийсэн, бүтээсэн ажилгүй буг болсон нөхөд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох гэж оролдсон. Гэхдээ дээрх заалтууд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ороогүй. Үндсэн хуулийн өөрчлөлт нь өнөөдрийн хэрэгжүүлж буй Үндсэн хуультайгаа адилхан, реформын шинжтэй өөрчлөлт хийгдэж чадаагүй, мөлгөр байна.
-Таны бодлоор ямар заалтуудыг хойшлуулахгүйгээр оруулах ёстой байсан бэ?
-Институт бүрээр ярья. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх саналыг АН-аас гаргасан ч унагасан. Парламентын хувьд УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд эргүүлэн татдаг болж дархан эрх гэх нэршлийг нь хасах ёстой гэж би бодож байна. Гэмт хэрэгт холбогдсон бол жирийн иргэнтэй адил хууль хяналтын байгууллага нь шууд дуудаад мөрдөн байцаалтын ажлыг нь эхлүүлдэг байх ёстой. Бүрэн эрх, дархан эрхээс нь болж өнөөдөр УИХ-аар ЖДҮ-ийн гэмт хэрэгтэнг хамгаалаад үлдэж байна. Ер нь Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулах ёстой. Тэгээгүйгээс болж өнөөдөр УИХ-ын гишүүдээ түдгэлзүүлж чадахгүй байна. Хариуцлага тооцох механизм парламентад алга. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давхар дээлийг бүрэн тайлалгүй зэрэмдэглэж орхилоо. Засгийн газрын хувьд Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг, сайдаа томилдог заалтыг мөн л хаслаа. Сайд нь УИХ-ын гишүүдээс томилогдохоор сөрөг тал олонтой. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн барьцаанд ордог. “Би чамайг томилсон юм чинь ингэнэ, тэгнэ” гэдэг барьцаанд л орж байна. Орон нутгийн засаглалын хувьд сумын засаг даргыг иргэдээс сонгодог байх саналыг дэвшүүлсэн унасан. Одоо бол хамгийн олон жил ажилласан хүнээ төлөөлөгчид сонгочихоод байна. Үүнийг иргэд шүүмжилдэг. Шүүх эрх мэдлийн хувьд хамгийн ялзарсан хэсэг болох дээд шүүхээ засахын оронд шүүхийн ерөнхий зөвлөлийг дээд шүүхэд тайлан тавиулдаг болгон хувиргаж байгаа нь шинэчлэл явагдахгүй гэсэн үг. Реформын шинжтэй өөрчлөлтийг хийгээгүй учир Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөлгөр болсон гэж дүгнэж байна.
-СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНООС 12.5 ТЭРБУМААР АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭХЭЭР УИХ ДЭЭР 29 БОЛГОЖ ӨСГӨӨД БАЙНА-
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд АН хойрго, идэвхгүй оролцсон гэж харж байгаа. Энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү. Эцэст нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулсан саналаа татсан?
-Миний хувьд анхнаасаа Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуульд хэлэлцэх үеэр орон нутагт ажилласан. Хэлэлцүүлгийн явцын дунд манай зөвлөл оролцоод явсан. Үүнийг нь би эсэргүүцэж байсан. Өөрөөр хэлбэл, оролцож болохгүй гэж үзэж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хариуцлагагүй, реформын шинжгүй мөлгөр өөрчлөлт болсон учраас оролцох шаардлагагүй гэдэг байр, суурьтай байсан. Ардчилсан намын зөвлөлийг нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оруулахын төлөө МАН-ын зүгээс зүтгэсэн. Миний хувьд бүлгийнхэндээ хандан “Та бүхэн хэлэлцүүлэгт оролц. Гэхдээ бидний санал болгосон ганц, хоёр чухал заалтыг оруулахгүй. Харин ямар ч шаардлагагүй заалтыг чинь хүлээж авна шүү” гэсэн. Яг л миний хэлснээр болсон.
Ардчилсан нам ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан. Гэхдээ бид шаардахдаа ийм мөлгөр өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулгыг явуул гэж шаардаагүй. Ард нийтийн санал асуулгад оролцох уу, үгүй юу гэдэг Ардчилсан намын тодорхой байр, суурь удахгүй гарна.
-Мөлгөр өөрчлөлт хийчихээд улсын төсвийн 30 тэрбум төгрөг зарлагадаж ард нийтийн санал асуулга явуулах шаардлага бий юу. 30 тэрбум төгрөгөөр ард нийтийн санал асуулга явуулснаас 30 сургууль барьсан дээр гэж ярих хүмүүс байна?
-Сонгуулийн ерөнхий хорооноос 12.5 тэрбум төгрөгөөр санал асуулгыг зохион байгуулах санал өгсөн. Тэгсэн байхад 29 тэрбум төгрөг болгож өсгөөд юундаа зарцуулах гээд байгаа юм. Ийм өндөр өртгөөр санал асуулга явуулна гэж шийдэж байгаа нь буруу гэж үзэж байна. Өнөөдөр УИХ-ын чуулганыг хаах байсан. Харин манай намын зөвлөлийн дарга болон би шаардлага тавьсаны үндсэндээр ард нийтийн санал асуулгын хугацаа, зардлын хэмжээг УИХ-аар хэлэлцэж тодорхой болгохоор болсон. Баталж байж чуулганаа хаа гэдэг шаардлага тавьсан. Үүний дагуу шийдэж байх шиг байна. Эд нар сонгуулийн ерөнхий хороог зардлаа дахин хянаж явуул гэж тушаасан. Тэндээс хариу хүлээгээд цаг аваад байна. Сонгуулийн ерөнхий хороо ахиад л 12.5 тэрбум төгрөгийн саналаа явуулна. Үүнийгээ 19, 29 болгоод өөрсдөө мөнгө нэмээд байгаа юм. СЕХ-оос ирэх санал бол ойлгомжтой шүү дээ.
-Ардчилсан нам ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлаар МАН-тай зөвшилцөх ажлын хэсгийг гаргасан гэсэн. Ажлын хэсэг яг ямар ажилд төвлөрч ажиллах вэ. Мөн ард нийтийн санал асуулгаар ямар асуултыг асуух ёстой гэж та үзэж байгаа вэ?
-Зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаагүй. Тэр талаар сэтгүүлчдэд буруу ойлголт өгсөн байна. Зүгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд тодорхой үнэлэлт өгөх ажлын хэсэг юм. Санал асуулгын тухай хуулиар гурван асуулттай байх юм байна. Миний хувьд нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу. Хоёрдугаарт нь, УИХ өөрсдөөсөө хариуцлага тооцож эхлэх буюу үнэмлэхүй дархан эрхээ хасах ёстой үгүйг асуух хэрэгтэй. Гуравдугаарт, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хүчтэй ерөнхий сайдтай байх буюу Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх ёстой юу, үгүй юу гэдгийг асуух нь зөв байх гэж үзэж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн УИХ-ын үйл ажиллагааг харахад шүүмжлэлтэй санагдаж байлаа. Тухайлбал, ирц бүрдэхгүй хэд хоног болсноос хуралдаан олон удаа хойшилсон. Хэдхэн гишүүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн. Мөн гишүүдийн төхөөрөмж гацсан гэх асуудал гарсан. Ингэж Үндсэн хуулийг батлах шаардлага байсан уу. Ер нь хэр чанартай хэлэлцүүлэг болов.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг болон батлах үйл явц үнэхээр хангалтгүй түвшинд байсан. Энэ нөхдүүдийг хий эргэх хооронд би 56 хоног хөдөө, орон нутагт ажилласан. Нийт 28 нэгж уулзалт хийсэн. Уулзалтад 4000 гаруй хүн ирсэн. Эдгээр хүмүүсээс “Та Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт орсон уу” гэж асуухад оролцоогүй гэж хариулсан. Хөдөө, сумдын иргэд, малчид огт оролцоогүй байна. Аймгийн төвд 1500 гаруй иргэнтэй уулзалт хийх үеэрээ “Та бүхэн хэлэлцүүлэгт орсон уу” гэхэд долоохон хүн гараа өргөсөн. Ховд аймгийн хэмжээнд нийт 218 хүн Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцуулсан гэсэн. Үүний 150 орчим нь төрийн албан хаагч байсан. Тэднийг хүчээр авчирч суулгаад хэлэлцүүлэгт оролцуулсан. Үлдсэн 90 гаруй хүн нь цэргийн албан хаагчид байсан. Заал дүүргэхийн тулд цэргийн хүмүүсийг авчирч хэлэлцүүлэг хийсэн. Тэгэхээр өмнөх хэлэлцүүлэг ард түмний дунд сайн түгээгүй. Тийм учраас иргэдийн ойлголт маш муу байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тайланд 163 мянган иргэн хэлэлцүүлэгт орсон гэж бичсэн байсан худал юм. УИХ-аар батлах үйл явц үнэхээр гурилдаж дууссан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд байсхийгээд л “Миний санал орсонгүй. Төхөөрөмж эвдрээд буруу дарагдчихлаа. Техник саатлаа” хэмээн саналаа өөрчилж байсан.
-Техник огт саатаагүй гэж үү?
-Техник саатсан нэг ч тохиолдол байхгүй. УИХ-ын гишүүд хувь, хувийн амбицаа эсрэг санал өгөх хэлбэрээр дарга нартайгаа тохирсон. Ийм л зүйл болсон. Бусдаас буруугаа хайдгаа болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, санал асуулгын төхөөрөмж ямар ч асуудалгүй, хэвийн ажиллаж байгаа. УИХ-ын тамгын газрын техникийн ажилтнаа буруутгаад өөрсдөө ариун цагаан хүн шиг байж болохгүй.
-Ард түмний санал асуулга хэмээн иргэдийг бужигнуулах үеэр дахин будлиулсан асуудал орж ирлээ. Тэр бол Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрийг өөрөөр хэлбэл Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асууя гэх санал дэвшүүллээ. Та хувь гишүүнийхээ хувьд уг саналын талаар ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хууль, Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль, ард нийтийн санал асуулгын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ суурь бүтцийг хөндөж болохгүй, 35 хувиас дээш өөрчлөлт хийж болохгүй гэсэн заалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүн би Үндсэн хуулиа сахиж хамгаалахын тулд тангараг өргөсөн. Дээрээс нь Монгол улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчихгүй гэж Үндсэн хуулин дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Энэ бүх хуулиар хориглосон байхад засаглалын хэлбэрийг асууна гэж оруулж ирж буй нь хууль бус. Тиймээс тогтолцоог асуух боломжгүй. Тогтолцоог өөрчилж болно. Гэхдээ 1990 оны тайван хувьсгал шиг нийгмийн нэг системээс нөгөө систем рүү шилжихдээ Үндсэн хуулиа өөрчилдөг. Эсвэл 1921 оны хувьсгал шиг. Хэрвээ ингэж асуувал тэр чигээр нь Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн үг юм. Ардчилсан нам Монгол улсад ардчиллыг хөгжүүлэх, хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа бол Ардчилсан парламент гэж үзэж байна. Тэгэхээр энэ парламентын засаглалаа хамгаалахын тулд бат зогсоно.