Сүүлийн жилүүдэд манай улсад албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдох хэрэг гарах нь хэрээсээ хэтэрч, “статистик тоо” болсон гэж болно. Товчхондоо, том, бага гэлтгүй албан тушаалтнууд хуулийн үүрэгт ажлаа хийхээсээ илүү хэн нэгний хүслийг хөлсөөр гүйцэлдүүлнэ гээд өргөл барьц хүлээж суудаг болсон байж болзошгүй байгаа.
Нөгөөтэй “албан тушаалтанд хэдэн төгрөг атгуулчихвал ажлаа бүтээнэ” хэмээн ил далд барьж гүйх хүмүүс ч олшир байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл авилга, албан тушаалын гэмт хэрэг даамжирч сүүлдээ хүний амь насыг егүүтгэсэн хэрэг гарсан байна.
-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА 39 НАСТАЙ “Д” НЬ "АВЛИГА ӨГСӨН Ч ЗОРЬСОН ХЭРЭГ НЬ БҮТЭЭГҮЙ" ХЭМЭЭН БУСДЫН АМЬ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-29 /2026.04.28-29/-нд шилжих шөнийн 00:05 цагийн орчимд яаралтай дуудлагын утсанд ноцтой мэдээлэл бүртгэгдсэн байна. Ингээд хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг хэргийн газарт очиход, “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол орчмын гудамжинд хоёр хүн хоорондоо маргалдаж. Улмаар уг маргаан хэдхэн хормын дотор хурцдаж, нэг нь нөгөөгөө толгойн тус газарт нь хүчтэй цохисны улмаас нөгөө хүн нь газар унахдаа юм мөргөж нас барсан байж болзошгүй” байжээ.
Цагдаагийн ерөнхий газраас энэ хэргийн талаар хийсэн мэдээлэлдээ, “Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Засаг дарга 39 настай "Д" нь тухайн амь хохирогчийг өмнө нь гэрээний ажил олж өгнө гэх үндэслэлээр авсан 24 сая төгрөгийнхөө ажлыг олж өгсөнгүй” гэх шалтгаанаар биед нь халдаж хөнөөсөн байж болзошгүй байна.
Албаныхан амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэлд хууль зүйн үнэлгээ өгөх ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн олон арван жилд болсон УИХ болон орон нутгийн сонгуулиудад МАН-ын нэр дэвшигчид тогтмол үнэмлэхүй ялалт байгуулж ирсэн. Тухайлбал, тус дүүргээс Хотын дарга асан Д.Сумъяабазар, мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар удаа дараа ялалт байгуулж байсан. Товчхондоо, Сонгинохайрхан дүүргийг эдгээр улстөрчдийн улс төрийн бат бөх “түшиц бүс” гэж хэлэхэд буруудахгүй. Тэгвэл тус дүүргийн хорооны засаг дарга Д гэгч нь “24 сая төгрөг авчихаад тендер олж өгсөнгүй” гэх үндэслэлээр бусдын амь насыг хөнөөсөн байж болзошгүй байна.
-ИЙМ ТӨРЛИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ХҮН БҮРИЙН ЦЭЭЖИНД БАЙДАГ ДУУНЫ БАДАГ ШИГ АЯЛААД ӨНГӨРӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ-
Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоо хэт данхар, шийдвэр гаргах шат дамжлага олон байх тусам хүнд суртал, авлига нэмэгдэж, иргэд асуудлаа хууль ёсны дагуу шийдвэрлэхэд улам хүндрэлтэй болж байна. Ийм нөхцөлд хүмүүс амар хялбар замаар эрх мэдэлд хүрэхийг эрмэлзэх хандлага нэмэгдэж, улмаар систем өөрөө буруу урамшуулал бий болгож буй гэж дүгнэж болохоор байна. Үүний сөрөг нөлөө эдийн засагт ч тодорхой илэрдэг.
Тухайлбал, үр ашиггүй зардал өсөж, бүтээмж буурч, улмаар хөрөнгө оруулагчдын итгэл сулардаг. Харин олон улсын туршлагаас харахад төрийн үйлчилгээг цомхон болгож, шат дамжлагыг багасгасан улс орнууд илүү тогтвортой, ил тод орчныг бүрдүүлж чаджээ. Жишээлбэл, Сингапур улс төрийн үйлчилгээг өргөн хүрээнд цахимжуулж, зөвшөөрөл олголт, бүртгэлийг автоматжуулснаар хүний оролцоог бууруулж, шийдвэр гаргалтыг илүү хурдан, ойлгомжтой болгосон байна. Мөн хяналтын бие даасан байгууллагуудыг улс төрөөс ангид байлгаж, гүйцэтгэлийг бодитоор үнэлэх тогтолцоог бүрдүүлснээр системийн гажуудлыг мэдэгдэхүйц багасгаж чадсан.
Ийм тогтолцооны үр дүнд дээр дурдсанчлан онц ноцтой гэмт хэрэг гарах нь ховор, гарсан тохиолдолд ч гэмт этгээд ял завших боломж бараг үгүй байдаг. Харин манай улсын хувьд ийм төрлийн ноцтой гэмт хэрэг гарсан ч нийгмийн хандлага хангалттай анхаарал хандуулахгүй, бараг хэвийн зүйл мэт хүлээн авч өнгөрөх нь харамсалтай байна.