"Сэтгүүлч Батдорж" сангийн тэтгэлэгт уралдааны ялагчид өнөөдөр тодорлоо

"Сэтгүүлч Батдорж" сангийн тэтгэлэгт уралдааны ялагчид өнөөдөр тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион явуулдаг тэтгэлэгт уралдааны ялагчид өнөөдөр /2026.05.01/ тодорлоо.

Энэхүү уралдааныг жил бүрийн 03-р сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд хоёр үе шаттай  уралдаан зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчийг  тодруулдаг уламжлалтай.  Өнөө жил 13 дахь удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд оюутнууд нэгдүгээр шатанд “Монгол” сэдвийн хүрээнд нийтлэл бичиж, хоёрдугаар шатанд сошиал контент бүтээн оролцжээ.  Ингээд уралдааны тэргүүн байрын эзнээр СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан О.Дэлгэрхишиг шалгарсан байна.

Харин тусгай байранд, 

  • МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн гуравдугаар дамжааны оюутан Х.Хатанзориг
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан С.Эгшиглэн
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Д.Дэрэм
  • СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургууль Сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан Ц.Мөнхжаргал
  • Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн хоёрдугаар дамжааны оюутан Э.Өгөдэй нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. 

“Сэтгүүлч М.Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжих чиглэлд зориулжээ.