СУРВАЛЖИЛГА: ОХУ-д 99 жил “ашиглуулна" гэж буй "Аэрофлот” гэх барилгын газар ашиглалтын хугацаа дууссан бөгөөд байшин руу зөвхөн Оросын иргэдийг нэвтрүүлдэг байна

СУРВАЛЖИЛГА: ОХУ-д 99 жил “ашиглуулна" гэж буй "Аэрофлот” гэх барилгын газар ашиглалтын хугацаа дууссан бөгөөд байшин руу зөвхөн Оросын иргэдийг нэвтрүүлдэг байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах 9.5 га газрын 93 объектыг ОХУ-д 99 жилийн хугацаатай шилжүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газар тохиролцож, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Хэрэв парламент дэмжвэл уг хэлэлцээрийг албажуулж, нэмэлт гарын үсэг зурах юм. Эдгээр 93 объект өнөөдөр ямар ашиглалттай, бодит нөхцөл нь ямар байгааг тодруулахаар манай сурвалжлах баг ажиллалаа.

ВИДЕО:

Бид Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах, олон нийтэд “Аэрофлот”-ын байр нэрээр танигдсан барилгыг зорив. Тус барилгад “Brussels” ресторан хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бол “Аэрофлот” авиакомпанийн билетийн касс 2025 оны есдүгээр сараас хойш тодорхойгүй хугацаагаар хаагджээ. Кассын хаалга цоожтой, дотор хүн алга. Тэндээс тодруулга авахад нэг ажилтан “Энэ бол Орос Улсын өмч. Хажуугийн ресторан түрээсийнх. Ярилцлага өгөхгүй” гэсэн товч хариулт өгөөд ярихаас татгалзсан юм.

Харин хамгийн сонирхолтой нь газрын бүртгэлийн мэдээлэл байлаа. "EGazargov" системээс шүүж үзвэл уг газрын эзэмшигчээр “Аэрофлот – Оросын олон улсын агаарын зам” хувьцаат нийгэмлэг бүртгэлтэй ч газрыг “ашиглах эрх”-ийн хугацаа аль хэдийн дууссан байна. Сүүлд 2019 онд бүртгэл шинэчлэгдсэн ч өнөөдөр хүчинтэй хугацаагүй болжээ. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр ашиглалтын эрх дууссан атлаа тухайн объект “гадаад улсын өмч” гэсэн статустай хэвээр байна.

Барилгын хувьд 1970–1980-аад онд баригдсан гэж үзвэл 40–50 жилийн насжилттай, хуучирсан ангилалд оржээ. Байрны хамгаалагчийн хэлснээр нөхцөл байдал бүр ч өөр дүр зурагтай. 

Тэрбээр “Монгол хүн чөлөөтэй орж болдоггүй. Энэ бол ОХУ-ын өмч. Орос-Украины дайнаас хойш нислэг зогссон. Компани үйл ажиллагаагаа бараг зогсоосон. Одоо хааяа Оросоос машинаар ирсэн хүмүүс л бууж байна. Өмнө нь дөрвөн ээлжийн харуултай байсан, одоо хоёрхон үлдсэн” гэв.

Энэ нь зөвхөн нэг объектын жишээ. Гэтэл ийм статустай, ашиглалт нь тодорхойгүй олон барилга нийслэлд бий.

"ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭРТ ТАТГАЛЗВАЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР"

Олон улс судлаач, профессор Д.Уламбаяр энэ асуудлыг “УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь зөв. Хоёр улсын харилцаа, өмч хөрөнгөтэй холбоотой тул хаалттай хэлэлцэх нь ч үндэслэлтэй. Хэлэлцэж буй объектууд нь бидний мэдэх Зөвлөлтийн үеийн барилгууд Хүүхдийн 100 дахь Эйрфлотын байр, хуучин худалдааны төлөөлөгчийн газар, III эмнэлэг зэрэг томоохон үл хөдлөхүүд. Эдгээрийг ОХУ өөрийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлэх асуудал яригдаж байна. Гол нь газрын асуудал. Өмнө нь эдгээр объект бүртгэлгүй, төлбөргүй явж ирсэн бол одоо бүртгэлжүүлээд, газрын ашиглалтын төлбөрийг авах нь зөв шийдэл. Хэрэв бидд газраа авья гэж хэлбэл, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь ОХУ-д дайнтай холбоотой маш ширүүн болсон. Тэдэнд алдаад байх юм байхгүй. Хэрэв энэ жижиг асуудлаас болж хоёр улс хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд эхэлбэл шатахуун, эрчим хүч зэрэг эрсдэлд орно. Монгол Улс шатахуун, эрчим хүчний хувьд ОХУ-аас өндөр хамааралтай хэвээр байна. Нийлүүлэлтэд жижиг саатал үүсэхэд Улаанбаатар төдийгүй орон нутагт хүндрэл гардаг нь бодит байдал. Тиймээс бид уламжлалт харилцаагаа тэргүүнд тавьж, ийм маргаантай асуудлуудыг харилцан ашигтай, ухаалгаар шийдэх нь зүйтэй” гэлээ.

Ийнхүү ашиглах эрх нь дууссан ч өмчлөлийн маргаантай хэвээр буй “Аэрофлот”-ын барилга 93 объектын бодит дүр зургийг илэрхийлэх нэг кейс болж байна.

Тодруулбал, Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах найман нэгж талбар бүхий 9.57 га газар, 93 үл хөдлөх хөрөнгийн объект хамрагдаж байна.

  1. Сүхбаатар дүүрэгт байрлах “Аэрофлот”-ын барилга, эдэлбэр газрыг ашиглах эрх
  2. Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах захиргаа, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
  3. Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
  4. Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 56 байр (нийтийн орон сууцны доторх)
  5. Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
  6. Баянзүрх дүүрэгт байрлах сүмийн барилга, спорт заал, гараашийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх
  7. Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх