О.Батбаяр: Вакцины бүүстер тун омикрон хувилбараас сэргийлж чадна гэдэг нь тодорхой болчихлоо

О.Батбаяр: Вакцины бүүстер тун омикрон хувилбараас сэргийлж чадна гэдэг нь тодорхой болчихлоо

Өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад илэрсэн коронавирусийн “B.1.1.529” хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулсан. Омикрон нь дотроо маш олон төрлийн мутацийг агуулж байгаа тул бусад хувилбараас халдварлах чадвар өндөр, вакцины үр дүнд тогтсон дархлаа болон байгалийн дархлааг “эвдэх” чадвартай байж болзошгүй хэмээн тархвар судлаачид болгоомжилж буй.

Тэгвэл УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа коронавирусийн эсрэг вакцины бүүстер тун Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа талаар онцолжээ. Тэрбээр “Омикрон хувилбар маш ноцтой байгааг Өмнөд Африкийн жишээнээс л харах боломжтой. Цаашдаа 6-8 долоо хоногийн дараа дэлхийн улс орнуудад Өмнөд Африкт болж буй үйл явдал давтагдах болно. Бид дээрх улс дахь омикронтой холбоотой тохиолдлын тоо, халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний өөрчлөлт оношилгооны өөрчлөлт, давтан өвчлөлийг маш анхааралтай ажиглаж байна.

Өмнөд Африкт ковидоор өвчилсөн хүмүүсийн давтан өвдөлт эрс нэмэгдсэн судалгаа эхнээсээ гарч байгаа нь эрсдэл өндөр буйг харуулж байна. Омикрон хувилбараас гуравдугаар тун хамгаалах боломжтойг маш олон судалгаанаас харах боломжтой. Түрүүчээсээ энэ төрлийн судалгаануудын үр дүн гараад ирлээ.

Вакцин үйлдвэрлэгчид өөрсдөө лабораторийн орчинд судалгаанууд хийж байгаа. Мөн Их Британийн судалгааны хэд хэдэн институт өчигдрөөс бараг судалгаагаа танилцуулаад эхэлсэн. Ер нь тэдгээр судалгааны үр дүнгээс харахад бүүстер тун омикрон хувилбар болон халдвар хүндрэлээс хангалттай сэргийлнэ гэдэг нь тодорхой болчихлоо. Учир нь бүүстер тунгийн хувьд эсрэг биеийн түвшин нэмэгдэхээс гадна дархлааны гол эс болох Т-лимфоцитийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Эрдэмтэд энэ эс маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь өөрөө омикроноор халдварласан ч маш хөнгөн мэдэгдэхгүй хэмжээнд өвдөх боломжийг бүрдүүлж байна гэж үзсэн” гэжээ.