БАРИМТ: 2021 онд ЦАГДАА, БАГШ нар авлигал хамгийн их авчээ

БАРИМТ: 2021 онд ЦАГДАА, БАГШ нар авлигал хамгийн их авчээ

Дээд, дунд, доод шатны авлигал гаарч хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Түүнийг Авлигатай тэмцэнэ гэж мэдэгдснээс хойш шүүхээр энэ төрлийн хэргүүд яаж шийдэгдсэн талаар судалж үзэв. Ингэхдээ 2021 онд шүүхээр шийдэгдсэн дунд, доод шатны авлигалын хэргийн талаарх мэдээллийг эхний ээлжид хүргэж байна.

-ОЛНЫ ТАНИЛ ХЭРГҮҮД ИНГЭЖ ШИЙДЭГДЖЭЭ-

2021 онд шүүхээр шийдвэрлэгдсэн доод, дунд шатны авлигын 70 гаруй хэрэг байна. Доорх баримтад анализ хийж үзвэл Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нарын Эрүүгийн хуулийн 22.1.2-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шүүхээс ял оноосон байна. Ийнхүү Д.Цэвээнравдан, Н.Бадрах, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ялаар Б.Жавзандамбыг Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.2 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Нийслэлийн ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг нийтийн албанд томилогдох хугацааг мөн хоёр жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгосон.

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондогийг бусдаар дамжуулж хахууль авсан гэмт хэрэгт буруутган нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээр хасаж 12  сая төгрөгөөр торгожээ. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Ч.Сайнчимэгийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байгаа юм.

-АНАЛИЗ: БАЯН-ӨЛГИЙ ХАМГИЙН ИХ АВЛИГАЛТАЙ-

21 аймгаас Баян-Өлгийд хамгийн их авлигалын хэрэг гардаг нь доорх баримтаар нотлогдож байна. Тухайлбал, тус аймагт албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нийт 10 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга С.Берик, ИТХ-ын дарга Б.Жанболат, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал У.Аранбек нарыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт 2-3 жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 5.5 сая төгрөгөөр торгох зэрэг арга хэмжээг авчээ. Мөн тус аймгийн Цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэнг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатайгаар тэнссэн байна.

-ЦАГДАА, БАГШ, ЗАСАГ ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТАН, ТӨРИЙН БАНКАНД ХАХУУЛЬ ИХ БАЙНА-

Доорх баримтад анализ хийж үзвэл орон нутгийн засаг захиргаа, цэргийн анги, банк, хил гааль, нийгмийн даатгал, дипломат алба, мэргэжлийн хяналт, Авто тээврийн үндэсний төв зэрэг салбарт дунд, доод шатны авлигал бүртгэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Үүнээс цагдаагийн алба хаагчид болон сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, багш нар хамгийн их авлигал авдаг нь тодорхой байгаа юм.

 Боловсролын яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер асан Б.Оргилыг хахууль авсан гэм буруутайд тооцон хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаан тосгоны Төрийн банкны тооцооны төвийн захирал М.Отгонбаяр, Баян-Өлгийн Баянт сумын Төрийн банкны С.Наурызхан нар хахууль авч шүүхээс ял шийтгүүлжээ.

Дээд шатны авлигал дунд, доод шатны авлигалыг цэцэглүүлдэг гэдэг. Мөн иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газраас "Акулууд биш жараахайг барь гэж" шаарддаг. Харин манай улсад эсрэгээрээ дунд, дээд шатны авлигал нь дийлдэхгүй болсон гэх бий. Дээрх мэдээллээс үзвэл Ерөнхий сайд хоосон дуугараагүй ч цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах акулуудыг барих эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө