Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар сүүлийн үед нийгмийн сэтгэл зүй, хүлээлтэд тааруулж “улс төрийн мэдэгдэл” хийж, сурталчилгаа, пиараа хийгээд байна уу гэлтэй.
Тухайлбал, БНСУ-д байдаг шиг “гудамжны хоол”-ны худалдааг Улаанбаатар хотод хөгжүүлэх хэрэгтэй гэж зарим иргэд ярьдаг. Тэгвэл энэ долоо хоногт Д.Сумъяабазар дарга, “Гудамжны хоол үйлдвэрлэлийг дэмжинэ. Мэргэжлийн хяналтын шахалт дарамтыг багасгана. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс ихэнх юмыг чөлөөтэй явуулна” гэж мэдэгдсэн нь олны анхааралд орсон юм.
Эдийн засгийг тэлж, ажлын байр нэмж, иргэдээ орлогожуулъя гэвэл бизнест саад болж буй саад бэршээлтэй дайтхаас өөр арга байхгүй. Дундаж анги руу чиглэсэн бодлого их хэрэг байна.
— Temuujin Kh (@Temuujin_Kh) November 19, 2021
Д.Сумъяабазар: Цаашдаа энэ УБ хотод чаддаг нь чаддаг юм аа хийг. pic.twitter.com/Z6gLtVfN9t
Үнэндээ, өвөлдөө -30 градус хүрч хүйтэрдэг, хаврын улиралд улаан шороо эргэдэг, гадаах орчин, ариун цэвэр муу манайх шиг улсад “гудамжны хоол”-ны худалдааг жилийн дөрвөн улиралд хөгжүүлнэ гэдэг нь боломжгүй зүйл мэт. Иймээс л хотын дарга Д.Сумъяабазарыг “албан тушаалдаа үлдэхийн тулд нийгмийн сэтгэл зүй, хүлээлтэд тохируулж пиар хийгээд байна” гэж зарим иргэд шүүмжлээд байгаа юм.
-Д.СУМЪЯАБАЗАР ТӨСВИЙН ЗАХИРАН ЗАРЦУУЛАГЧ БАЙХ СОНИРХОЛТОЙ ЮУ-
Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, хотын даргын албан тушаалд очсон нь “хотын төсөв”-тэй холбоотой байж болзошгүй гэж тайлбарлах иргэд ч олон байдаг. Учир нь, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долдугаар сард /2021.07/ УИХ-аар баталсан.
Энэхүү хуулиар Хотын анхны бие даасан хуулийг иргэд бид ирэх 2022 оноос эхлэн дагаж мөрдөж эхлэх бөгөөд Нийслэлийн төсвийг улсын төсвөөс салгаж Д.Сумъяабазарын эрх мэдлийг "хаан" мэт болгож нэмэгдүүлсэн гэж буй юм.
Үнэндээ тэрээр хотын дарга болохоосоо өмнө Уул уурхайн сайдын албан тушаалыг хашиж төсвийн захиран зарцуулагч хийж байсан нэгэн. Иймд Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн байхаас илүүтэй, төсөв мөнгө зарцуулах эрхтэй албан тушаалыг л сонирхдог уу гэсэн хардлагыг ч төрүүлдэг.
-МАНАЙХААС ӨӨР ГАЗАР “ХОТЫН ДАРГА ХАМААРАЛ БҮХИЙ БАНК”-АА Д.СУМЪЯАБАЗАР ШИГ ЯРЬСАН БОЛ ОГЦРОХ БАЙВ-
Үүнийг дагаад Д.Сумъяабазарын хамаарал бүхий "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд төрийн зарим компани, сангийн мөнгө байрлахад тэрээр нөлөөлсөн юм биш биз гэх хардлага ч төрдөг. Тодруулбал, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэжЧ.Хүрэлбаатар мэдэгдсэн.
Гэтэл Д.Сумъяабазар энэ талаар мэдэгдэл хийж, “би хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар. Тиймээс төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүргийг өгсөн” хэмээн Засгийн газрын индэр дээрээс мэдээлэл хийсэн.
Үнэндээ төрийн компани, улсын сангийн мөнгө ямар замаар түүний хамаарал бүхий “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршсан талаар ярьж, уучлалт гуйсан бол шударга ёсонд нийцэх байв. Учир нь, тус банкны 57 хувийг Д.Дагвадорж эзэмшдэг бол, түүний ах Д.Сумъяабазар эхнэр Ч.Мичидмаагийн хамт 21.7 хувийг тус тус эзэмшдэг гэх мэдээлэл бий.
Гэтэл тэрээр Засгийн газрын индэр дээрээс хувийнхаа бизнесийг хамгаалж буй мэт мэдэгдэл хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Харин манайхаас өөр газар хотын дарга нь хувийн банкныхаа талаар Д.Сумъяабазар шиг мэдээлэл хийсэн бол тэр даруйдаа огцрох байв. Товчхондоо, эрх мэдлээ хадгалж, хувийн бизнесээ хамгаалах гэсэн зарим улс төрчид нийгмийн сэтгэл зүйд тааруулж, юу ч ярьж, пиар хийж байж магадгүй байна.