УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох, гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоог хангах, гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуулиар ялгаатай тогтоохоор тусгажээ. Мөн Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлах, зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, гадаадад ажиллаад ирсэн иргэдээ эргэн суурьшихад дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулжээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг хуулийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, төслийн гуравдугаар зүйлийг шинэчлэн томьёолсон байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцод нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар, тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавих нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, хүсэлт гаргагчаас зөвхөн уг шаардлагад нийцсэн баримт бичгийг шаардахаар тусгажээ. Үүнтэй холбоотойгоор урьдчилан зөвшөөрөл олгох процессыг хасах, зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадавхтай байлгах зорилгоор хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь 100 сая төгрөг байсныг 300 сая болгон нэмэхээр тусгасан байна.
Мөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах ажилд хязгаар тогтоож болохоор зохицуулсан бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл бүхий зуучлалын ажилд хамаарч, иргэн хувийн журмаар гадаадад зорчих, цагаачлах, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг хөндөхгүй юм байна.
Хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгосонтой холбоотойгоор гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн иргэн гадаадад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд туслалцаа дэмжлэг олгох зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.
Түүнчлэн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах гэрээ байгуулахаар тусгажээ. Түүнчлэн цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үйлчилгээг цахим системээр хүргэх зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ойрын хэдэн жил улс орнуудад эмч, сувилагчдын хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэх төлөвтэй байгаа. Монгол Улс халамжийн бодлого, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажиллах хүчний хомсдолд орсон уу.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар цар тахлын үед сувилагч, асрагч нарын цалинг 2016-2020 онд 40 хувиар нэмсэн. Энэ хүмүүс 24 цаг ажилладаг тул ажиллах нөхцөлийг нь сайжруулах ёстой юм. Салбарын яамнаас энэ салбарын ажилтнуудыг гадаадад ажиллахад нь хязгаарлалт тогтоохгүй бол болохгүй гэдэг санал хэлж байсан. Тиймээс хуулийн төсөлд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүний нөөцийн бодлоготой уялдуулж гадаадад ажиллах хүний тоонд Засгийн газар хязгаарлалт тогтоож болно гэж заасан.
Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Монгол Улсад барилгын салбарын 25.3 хувь, бөөний болон жижиглэнгийн худалдааны 21.7 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 12.4 хувь ажиллах хүчний хомсдолтой байна. Энэ онд Монгол Улсад гадаадын 6 045 иргэн ажиллаж байгаагаас 36 хувь нь уул уурхай, 26 хувь нь салбар барилгын салбарт, боловсролын салбарт 11 хувь, боловсруулах үйлдвэрт 5 хувь нь ажиллаж байна.
Зуучлах гэрээгээр ажиллах зөвшөөрөл авсан иргэд явж чадахгүй байдалтай байна. Тодруулбал, БНСУ-д ажиллах иргэд жил гаруй хугацаанд хүлээж байна. Харин БНСУ-аас саяхан сайн мэдээ ирүүлсэн. Энэ нь ирэх сараас эхлэн хүлээж авах шийдвэр гаргасан гэдгээ бидэнд хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол Улс гадаадаас нарийн мэргэжилтэн авч ажиллуулж болно. Гэхдээ Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилтнууд маш өндөр цалинтай. Монголчууд маш бага цалин авдаг. Энэ ялгааг өөрчлөх хэрэгтэй.
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ хуулийн хэлэлцүүлгийг түр зогсоож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зөв гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хэлэлцүүлгийг түр зогсоосноор чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн. Харин үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, горимын саналаар санал хурааж байна.
ҮЗЭХ: