Х.Ариунболд:Нохойд хазуулж, хөнгөн хэлбэрийн шарх авсан ч галзуу өвчин тусаж, амь насаараа хохирох аюултай

Х.Ариунболд:Нохойд хазуулж, хөнгөн хэлбэрийн шарх авсан ч галзуу өвчин тусаж, амь насаараа хохирох аюултай

Өвлийн улиралд өглөө, оройдоо харанхуй байдаг. Энэ үед иргэд гудамжны золбин нохойд хазуулах тохиолдол их гарч байна. Хамгийн ноцтой нь нохойд хазуулсан хүмүүс галзуурах магадлалтай учир зориулалтын вакциныг тариулдаг билээ. Галзуу өвчний эрсдэл өндөр үе арванхоёрдугаар сараас эхэлдэг бол оргил үе нь гурван сард тохиолдог байна. Ингээд зургаан сард өвчлөл буурдаг. Энэ хугацаанд нохойд хазуулах,  өвчтэй мал амьтанд уруулж ноцуулах, шүлсдүүлсэн тохиолдолд галзуу өвчнийг тусах магадлал нэмэгддэг байна. 

2021 оны эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1,421 хүн ГССҮТ-д ханджээ. Үүнээс 836 нь эрэгтэй бол 585 нь эмэгтэй хүн байна.

-НОХОЙД ХАЗУУЛСНЫ УЛМААС АМЬ НАСАА АЛДАХ АЮУЛТАЙ-

Гэр хорооллын иргэд нохойгоо хараа хяналтгүй сул орхисноос үүдэн олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирдог байна. Нохойд хазуулан нас барсан харамсалтай хэрэг өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан. 2016 оны гуравдугаар сарын 17-нд Сонгино-хайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух, дөрвөн настай хүү нохойд хазуулсны улмаас өвчнөө даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлыг тухайн үедээ шуугиад л мартсан. Түүний өмнө 2015 оны аравдугаар  сарын 16-нд Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суух эмэгтэй Б гэгчийн зөөлөн эд нь бүрэн зулгаагдсан буюу нохойд уруулсан шархтай нас барсан хэрэг гарч байжээ. 

Зөвхөн хүнд хэлбэрийн шарх авсан тохиолдолд амь насаа алдана гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хөнгөн хэлбэрийн шарх авснаар галзуу өвчин тусч амь насаараа хохирох аюултай. Тиймээс нохойд хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин заавал хийлгэхийг мэргэжлийнхэн анхаардаг. Учир нь нохойн шүлсэнд галзуу өвчний нян байдаг учир вакцин хийлгэхгүй бол хазуулсан хүн галзуу өвчин тусах магадлал өндөр аж.

Тэгвэл бид нохойд хазуулсан тохиолдолд анхан шатны ямар тусламж авах ёстой, яагаад галзуугийн вакцин хийлгэх хэрэгтэй талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн тархвар судлагч Х.Ариунболдтой ярилцлаа .

-НОХОЙД ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД ЗААВАЛ ТАВАН УДААГИЙН ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД АВАХ ХЭРЭГТЭЙ. ГАЛЗУУ ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ 12- 90 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ-

-Ихэвчлэн иргэд ямар нохойд хазуулдаг вэ?

-Гудамжинд эзэнтэй, эзэнгүй золбин нохдод уруулах, гэрийн нохойтойгоо тоглож байгаад уруулах, шүлстүүлэх, тохиолдлууд элбэг байна. Мөн хөдөө орон нутагт малчид отор нүүдэл хийх үедээ зэрлэг амьтанд уруулах, аялж зугаалах үедээ зэрлэг амьтдын дайралтад өртөх зэрэг тохиолдлууд  ч байдаг.

-Нохойд хазуулсан тохиолдол ямар анхны тусламж үзүүлэх ёстой вэ?

-Нохойд уруулж, ноцуулсан, шүлстүүлсэн тохиолдолд шархыг 5 минутын турш сайтар савандаж урсгах маягаар угаах, яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтад байх хэрэгтэй. Нохойд хазуулснаар галзуу өвчин тусах эрсдэл өндөр. Энэ өвчний эмчилгээ дэлхий дахинд өнөөг хүртэл нэвтрээгүй тул галзуу өвчний эрсдэлд өртсөн бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх өртөлтийн дараах вакцины бүрэн тунг тариулах, эмчийн зөвлөснөөр шаардлагатай тохиолдолд ийлдэс эмчилгээг хавсран хийлгэх нь тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Галзуу өвчний өртөлтийн дараах вакциныг эрсдэлд өртсөн /0/ өдөр буюу тухайн өдөрт эхний тунг авахыг хэрэгтэй бөгөөд үргэлжлүүлэн 3, 7, 14, 21 эсвэл 28 дахь өдрүүдэд таслалгүйгээр 5 удаагийн бүрэн авахыг зөвлөдөг.

-Галзуу өвчний талаар мэдээлэл өгнө үү?

-Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг. Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний эмнэлзүй өвчний урьтал үе, хөөрлийн үе саажилтын үе гэсэн 3 үе шатаар илэрнэ. Галзуу өвчний эмчилгээ дэлхий дахинд өнөөг хүртэл нэвтрээгүй байна. Тиймээс галзуу өвчний эрсдэлд өртсөн бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх өртөлтийн дараах вакцины бүрэн тунг тариулах, эмчийн зөвлөснөөр шаардлагатай тохиолдолд ийлдэс эмчилгээг хавсран хийлгэх нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй өвөрмөц урьдчилан сэргийлэлт юм. Галзуу өвчнөөр өвчилсөн бол эмчилгээ үгүй 100 хувь үхлээр төгсөх аюултай. Тиймээс дахин хэлхэд галзуу өвчний эрсдэлд өтсөн иргэд тухайн цагтаа эмнэлгийн байгууллагад хандаж өртөлтийн дараах урьдчилан сэргийлэх вакциныг бүрэн тунгаар тариулах нь нэн чухал юм.

-Нохойд хазуулснаар галзуу өвчнөөс өөр өвчин тусах боломжтой юу?

-Нохойд зөвхөн хазуулахаас гадна тоглох, эрхлүүлэх зэргээр ямар нэг халдварт өвчний үүсгэгчийг тээгч ноходтой харьцсанаар хүнд маш олон төрлийн өвчин халдварлах боломжтой байдаг. Үүний жишээ гэвэл шимэгч хорхойгоор үүсгэгдэх бэтэг өвчин, нянгаар үүсгэгдэх гэдэсний халдварууд, бруцеллёз гэх мэт олон өвчнүүд нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтдаас шууд болон дам байдлаар хүнд халдварлах боломжтой байдаг. 

-Сард дунджаар хэдээс хэдэн насны хүмүүс нохойд хазуулж галзуугийн вакцин хийлгэхээр ирдэг вэ?

-Улсын хэмжээнд жилд дунджаар галзуу өвчний эрсдэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч вакцин, ийлдсэнд хамрагдаж буй хүмүүсийн тоо 6500-7000 хүн байна. Энэ нь зөвхөн нохойд уруулсан тохиолдлууд биш бөгөөд манай улсын хэмжээнд чоно, үнэг, хярс зэрэг зэрлэг амьтад, үхэр, адуу гэх зэрэг ахуйн мал амьтанд хазуулж, шүлстүүлэн галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлууд өндөр хувьтай байдаг. Тиймээс хот суурин газарт эзэнгүй нохой олширч байвал хяналтад авах талаар засаг захиргааны нэгжид мэдээлэх, хариу арга хэмжээ авахыг шаардах , тэжээвэр нохой, муураа мал эмнэлгийн хяналтад байлгаж вакцинжуулах хэрэгтэй.

-Вакцин хийлгэхэд ямар нэгэн сорил хийлгэх шаардлагатай юу?

-Өртөлтийн дараах вакцины хувьд ямар нэг байдлаар хийхийг хориглосон эсрэг заалт байхгүй. Гэвч өөрийн ухаангүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байгаа тохиолдолд харшлын сорил тавих эсэхийг тухайн эрүүл мэндийн мэргэжилтэн шийдвэрлэж болно. Галзуу өвчний эмчилгээ байхгүй учир өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн аргаар амь насны эрсдэлээс сэргийлэх цорын ганц арга байсаар байна. Харин үүссэн шарх болоод бусад эрсдэлийн зэргээс хамаарч вакцинтай хавсран хийгдэх ийлдэс эмчилгээний хувьд тухайн хүнд сорил тавьснаар хийх шийдвэрийг гаргадаг. Вакцины найрлагад орсон бүрдлүүдэд харшилтай эсэхээс хамаарч харшлын урвал үзүүлж болох талаар үйлдвэрлэгчээс өгсөн вакцины зааварт тусгасан байдаг. Гэсэн ч галзуу өвчний вакцин эсрэг заалтгүй гэдгийг санах хэрэгтэй юм. Тархвар судлалын асуумж судалгаагаар тухайн хүнийг хазсан нохой, муур нь тархвар судлалын холбогдолгүй, хазсан гэрийн тэжээмэл амьтад тогтмол галзуугийн вакцинд хамрагддаг гэдгийг мэдэх боломжтой бол вакцинд хамрагдахгүй байх талаар хувь хүн өөрийн шийдвэрт үндэслэн татгалзаж болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.