Шүгэл үлээгчид зориулж АТГ-ын дэргэд Мөнгөн урамшууллын зөвлөлийг шинээр байгуулна  

Шүгэл үлээгчид зориулж АТГ-ын дэргэд Мөнгөн урамшууллын зөвлөлийг шинээр байгуулна  

 Энэ сарын 11-ны өдөр /2021.11.11/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг Ерөнхий сайд өргөн барьсан ч боловсруулсан нь Хууль зүйн яам. Эцсийн бүлэгт Засгийн газраас боловсруулж, өргөн барьж, батлуулсан гэж яригдана. Таван бүлэг, 22 зүйлтэй “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн гол агуулга, ач холбогдол, үр дагавар юу болох талаар уншигчид төдийлөн мэдээлэлгүй байгаа юм. Тиймээс бид тус хуулийн онцлох заалтыг танилцуулж  байна.

-ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭН БЭ. ТЭР ХААНА, ЯАЖ МЭДЭЭЛЛЭЭ ХҮРГҮҮЛЭХ ВЭ-

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин /байгаль/, хэрэглэгчийн ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, шударгаар татвараа төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийг хэлнэ.

Харин

  • Гүйцэтгэх ажил явуулдаг байгууллага буюу хууль хүчний байгууллага, түүний ажилтан, гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу олж авсан мэдээлэл
  • Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий эдгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах харилцаанд тус хууль үйлчлэхгүй юм байна. 
  • Шүгэл үлээгч нь Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвд мэдээллийг бичгээр гаргана.

Мэдээлэлд нотлох баримт болон хууль зөрчигчийн нэр албан тушаалыг заавал бичих нь. Мөн мэдээллийг амаар гаргаж болох бөгөөд амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан этгээд нь эсхүл эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл хөтөлж, боломжтой тохиолдолд тэмдэглэлд мэдээлэл өгсөн хүний гарын үсгийг зуруулах аж.

Дээр дурдсан байгууллагууд нь шүгэл үлээгчийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч мэдээллийн нэгдсэн санд бүртгэх юм. Харин Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь шүгэл үлээгчийн мэдээллийг яаралтай харьяа дүүргийн хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах аж.

-ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ДАРААХ ТОХИОЛДОЛД МЭДЭЭЛЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХГҮЙ-

  • Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн
  • Өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар шүгэл үлээсэн
  • Цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ нотлох баримтгүйгээр шүгэл үлээх
  • Нийтийн ашиг сонирхолд хамаарахгүй асуудлаар шүгэл үлээсэн
  • Шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авахаас өмнө холбогдох хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд хуулийн байгууллагаас хяналт, шалгалт хийхгүй.

-ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ, ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ БУУРУУЛЖ БОЛОХГҮЙ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна гэж мэдэгдсэн.

Шүгэл үлээгчийг урамшуулахдаа Авлигата тэмцэх газрын дэргэд Мөнгөн урамшууллын зөвлөлийг шинээр байгуулна. 

Шүгэл үлээгч нь уг зөвлөлд өргөдлөө өгөх бөгөөд долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Хуульд тавин сая хүртэл төгрөгийн 20 хувийг өгнө гэх мэтээр тусгажээ. Гэхдээ шүгэл үлээснээс хойш асуудал шүүхээр шийдэгдэж, шүүхийн шийвэр ажиллан хохирлыг барагдуулж, улсын төсөвт төвлөрүүлсний дараа л шүгэл үлээгч нь урамшууллаа авах өргөдлийг гаргах боломжтой нь тодорхой байна. Цаг хугацааны хувьд хүлээнэ гэсэн үг. 

Мөн шүгэл үлээсэнтэй холбогдуулан албан тушаалыг бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардахыг хориглоно.

Цаашлаад өөрийнх нь зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх, цалин хөлсийг бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал урамшуулал олгоход гадуурхах, ажилд нь хууль бусаар хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг ил болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх цуцлах, хүчингүй болгох, ажлын байр, ахуйн үйл ажиллагаатай холлбоотой хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл үйлдэх, бараа ажил үйлчилгээний гэрээг цуцлах, ажилд нь сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авахыг хориглох аж.

Шүгэл үлээгч нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулж, өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор шүгэл үлээсэн, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн хуулийн төсөлд тусгажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар цаашлаад холбогдох албаныхан тус хуулийг баталснаар авлигын эсрэг тэмцэхэд томоохон түлхэц үзүүлэхээс гадна хууль бус үйл ажиллагааг илчлэх иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж тайлбарлаж буй. Харин нөгөө талд матаачийг өөгшүүлсэн бусад хуультай давхардуулсан, хууль хяналтын зардлыг нэмэгдүүлэсэн хууль боллоо гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм.