Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюу толгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өчигдөр /2021.10.26/ болсон хоёр талын яриа хэлцлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өчигдөр ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзсан. Ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?
-Өчигдөр “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалтын захирал Речард нарын хүмүүс ирсэн. Хэрвээ Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Өчигдөр ажлын хэсэг энэ шаардлагыг тавьсан. Хөрөнгө оруулагч тал анх удаа Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг дараагийн уулзалтаар ярилцъя гэдэг зүйлийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, бүх заалтад өөрчлөлт оруулахгүй боломжгүй. Тиймээс эхний ээлжид өөрчлөлт оруулах хүрээ хязгаараа тогтоож, хэлэлцээрээ цааш үргэлжлүүлье гэж байгаа.
“Рио Тинто”-гоос ирүүлсэн дөрвөн санал дээр манай тал сэтгэл хангалуун биш байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас нааш энэ хэлцэл цааш үргэлжлэх боломжгүй байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Маргааш хэлцэл үргэлжилнэ. Хэлцлийн зарим зүйлийг дэлгэрэнгүй ярихгүй гэж зөвлөлдсөн. Ажлын хэсэг хийж байгаа ажлаа Засгийн газар, УИХ-д танилцуулаад явж байгаа.
-Оюу толгой төслийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Таван толгойн цахилгаан станцын санхүүжилтийг босгохгуйц эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээнд арваннэгдүгээр сарын 7-нд гарын үсэг зурна. Гэрээний деталиуд дээр санал нэгдээгүй ганц, хоёрхон асуудал байгаа. Үлдэж байгаа долоо хоногийн хугацаанд шийднэ. Хоёр тал гарын үсэг зурж эцэслэвэл төсөл цааш урагшлахад ахиц үзүүлнэ. Хэдийгээр нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг манай урд хөрш мэдэгдсэн ч бид өөр санхүүгийн байгууллагуудтай харьцахад илүү дөхөм болно. Ер нь хэлэлцээр гэдэг бол хоёр талаасаа буулт хийх, харилцан ашигтай байх, ойлголцож, үр дүнд хүрэх асуудал юм. Айлын тал "Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоомооргүй байна. 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэл дээр Монголын талын ТУЗ-ийн гишүүд бидэнд зөвшөөрөл олгооч. Энэ тохиолдолд нэн тэрүүнд 700 саяас нэг тэрбум ам.долларыг Монгол Улсын Төв банк руу шилжүүлэхэд бэлэн байна" гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтаа төлөвлөсөн буюу 2022 онд ашиглалтад оруулна. Ил болон далд уурхайгаас зэрэг олборлолт, борлуулалтаа хийгээд явахаар компанийн санхүүгийн байдал сайжирна гэдгийг хэлсэн. Бид ч бас далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах саналтай байгаа, дараагийн уулзалтаар илүү тодорхой болоод явна. Арваннэгдүгээр сарын эхээр хөрөнгө оруулагчид буцах учраас хэлэлцээ хийх хоёр талын Ажлын хэсгийн өдөр бүр уулзаж, асуудлуудаа илүү тодорхой болгоно.
-Манай тал Арбитарт гаргасан гомдлоо татах уу?
-Арбитарт гаргах нэхэмжлэлээ татахгүй гэдгээ манай талаас илэрхийлсэн.