Н.Учрал: "Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль"-ийн 29.2 дахь "ӨӨРИЙНХ НЬ ЗӨВШӨӨРЛӨӨР" гэдгийг хасах саналыг гаргасан

Н.Учрал: "Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль"-ийн 29.2 дахь "ӨӨРИЙНХ НЬ ЗӨВШӨӨРЛӨӨР" гэдгийг хасах саналыг гаргасан

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.27/ хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээрээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд анхаарал татах хэд, хэдэн заалт байгаа юм. Тодруулбал, тус хуулийн 29.2-т “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг ХОРИГЛОНО” гэж заасан байгаа юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгээс тус заалтыг эсэргүүцэж тав хоногийн завсарлагыг авсан. 

Хууль санаачлагчид уг заалтыг хэвлэл, мэдээллийн байгууллагад хамраахгүй гэж буй ч иргэнд хамаарахаар байгаа юм. Тодруулбал, сэтгүүлчид хэн нэгнийг "авлигач" хэмээн тодорхойлж бичихдээ зөвшөөрөл авахгүй байж болох ч  иргэн тус мэдээллийг цахим хаягтаа холбохдоо зөвшөөрөл авалгүй "авлигач" хэмээн бичвэл хариуцлага хүлээхээр байгаа юм. Жишээ авъя. Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж буй Ц.Анандбазар гишүүний талаар иргэн та өөрийн цахим хуудаснаа бичье гэвэл дээрх хуулийн дагуу Ц.Анандбазар гишүүнээс заавал зөвшөөрөл авах ёстой болно. Аль эсвэл хэн нэгэн гишүүний АТГ-д мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг боловсруулж бичих болбол мөн л өөрөөс нь зөвшөөрөл авна. Хэрэв зөвшөөрөлгүйгээр нийтэлбэл, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж байв.

Уг хуулийг Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулж өргөн барьсан. Тус хуулийг УИХ дээр хэлэлцэх явцад ажлын хэсгийг ахалж буй Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийн 29.2 дахь заалтыг хасах саналыг ажлын хэсгээс гаргасан юм уу. Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно гэдэг нь хэнд зөвшөөрдөгдөж, хэнд нь зөвшөөрөгдөхгүй байгаа юм бэ?

-Өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр гэдэг үгийг ажлын хэсэг дээр хасаад зарчмын зөрүүтэй саналыг хураалгах гэтэл Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Тэгэхээр дараа долоо хоногт хэлэлцэнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар УИХ-ын гишүүдийнхээ дунд санал хураалгаад “Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс” гэдэг томъёоллоор явах гэж байна. Өөрийн зөвшөөрлөөр гэдгийг хасчихаар сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл түгээхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Тодруулбал, сэтгүүл зүйн зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж, ашиглах нь уг хуульд хамаарахгүй гэж тусгасан.

-Иргэн өөрийн цахим хаягтаа хэн нэгнийг тодорхойлох, мэдээлэх бол заавал өөрөөс нь зөвшөөрөл авах гээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ заалт сэтгүүлчдэд биш ч иргэнд үйлчлэх гээд байна уу?

-Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс сэтгүүл зүйн зорилгоор түгээж буй бол тухайн иргэнээс мэдээлэл авахгүй.

Хувь хүн өөрийн орон зайд ямар нэгэн байдлаар сэтгэгдэл бичих, нийтлэл оруулах нь мөн энэ хуульд хамаарахгүй. 

Одоо 29.2-ийг маш тодорхой болгож байна. Одооны хуулийн зохицуулалтаар хүн бүр бичлэг хийдэг, тараадаг, түгээдэг бие биеэ мөрдөж мөшгидөг эцэстээ хэн ч хариуцлага хүлээдэггүй. Мэдээлэл цуглуулах, боловсруулах эрх хэнд нь байгаа нь ойлгомжгүй байдаг. Сүүлдээ бичлэг түгээгддэг. Үүний дараа “Бид хаанаас бичлэг алдагдсныг мэдэхгүй” гэж хэлдэг байж болохгүй. Ямар зорилгоор хэн цуглуулсан тэр хүн л хариуцлага хүлээнэ. Ажил олгогч ажилтныхаа мэдээллийг хариуцах ёстой. Тэндээс алдагдвал хариуцлага хүлээнэ. Чи өөрийнхөө хувийн мэдээллийг өөрөө л хамгаална шүү гэдэг хуулиар өдийг хүртэл явж ирлээ. Гэтэл мэдээлэл цуглуулж байгаа хүмүүс хариуцлага хүлээхгүй байна. Та нар боддоо. Томоохон их дэлгүүрт урамшууллын онооны карт авахдаа иргэд хурууны хээгээ бүртгүүлдэг. Эндээс болж тухайн иргэний амьжиргааны түвшин, цалингийн дундаж, ямар хүнс авдаг зэрэг нь тодорхой болж байна. Энэ датаг зарж, борлуулдаг хэрэг хүртэл байна. Мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулж, ашиглахаа болих хэрэгтэй. Хэн мэдээлэл ашиглах эрхтэй болох нь энэ хуулиар тодорхой болно.  

Мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй бол тухайн байгууллага л хариуцлага хүлээх ёстой. Ажил олгогч ажилтныхаа мэдээллийг хариуцана гэх мэт. Хэрвээ алдвал тэр байгууллага л хариуцлага хүлээнэ. Гүйцэтгэх ажлын тухай мэдээ, мэдээллүүд янз бүрийн бичлэгүүд алдагдаад байгаа нь хууль хяналтын байгууллагын л асуудал. Тэр хүмүүс ямар зорилгоор тэр мэдээллийг цуглуулсан юм. Караокены өрөөнд хүмүүсийн ууж идэж буй бичлэгийг ямар зорилгоор бичсэн юм. Хэрвээ гүйцэтгэх ажиллагааны зорилгоор бичээд түүнийгээ алдвал гүйцэтгэх ажиллагаа явуулсан байгууллага л хариуцлага хүлээнэ. Жишээ нь өнгөрсөн хугацаанд иргэний явсан, суусан маршрутын мэдээллийг гаргасан. Энэ мэдээллийг хэн цуглуулсан юм. Онцгой комисс цуглуулсан бол хариуцлага хүлээх ёстой. Иргэн буруугүй шүү дээ. Мэдээллийг нь цуглуулчихаад хүний эрхэнд халдаж болохгүй.

Энэ хуулиар иргэн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах эрхгүй. Иргэн Б бусдыг дагаж мөшгиж бичлэг хийх эрхгүй. Тэгэхээр хэн мэдээлэл цуглуулах, ашиглах, хариуцлага хүлээх ёстойг уг хуулиар тодорхой болж байна. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө