СУРВАЛЖИЛГА: Цахилгаан, дулааны төлбөрийг улсаас хөнгөлсөн ч, Оюутны дотуур байрны ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

СУРВАЛЖИЛГА: Цахилгаан, дулааны төлбөрийг улсаас хөнгөлсөн ч, Оюутны дотуур байрны ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэл хотыг зорих оюутан сурагчдыг тоо эрс нэмэгдэж хөл хөдөлгөөн ихтэй болоод байна. Энэ дагуу хотод амьдрах байр тэдний хувьд том асуудлын нэгт тооцогддог. Тэгвэл бид үүнтэй холбогдуулан улсын томоохон их дээд сургуулиудын дотуур байрны төлбөр болон нийтийн, түрээсийн байрны үнийн талаар сурвалжиллаа.

Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахалтай үе тохиож байгаа тул зарим их дээд сургуулийн дотуур байрыг тусгаарлах байр болгон ашиглаж байсан. Иймд халдвар хамгааллын дэглэмийн бэлтгэл ажлыг сургууль дор бүрнээ сайтар хийх нь эрсдэлээс хамгаалах хамгийн эхний бөгөөд том  алхам гэж үзэж байгаа талаар холбогдох байгууллагын зүгээс сануулсаар байна. Мөн өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас бүх айл өрх болон аж ахуй нэгжийн халаалт цахилгааны мөнгийг улсаас тэглэсэн. Гэтэл төрөөс үзүүлж буй энэхүү хөнгөлөлт нь дотуур байрны төлбөрт тодорхой хэмжээгээр нөлөөлж буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа юм.

-ЗАРИМ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨ ЖИЛ БҮР НЭМДЭГ-

Бид хамгийн түрүүнд Хөдөө аж ахуйн их сургуулийн элсэлтийн төвтэй холбогдож дотуур байрны төлбөрийн талаар лавлахад, “Шинэ, хуучнаасаа хамаарч үнэ тогтоосон байгаа. Хуучин нь 600-700 мянган төгрөгийн хооронд байгаа бол шинэ нь 900-1 сая төгрөгийн хооронд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулбал нэмэгдсэн байгаа” гэсэн юм.

Харин МУИС-ийн хувьд оюутны зургаан дотуур байртай бөгөөд жилд дунджаар 1600 оюутан авдаг. Төлбөрийн хувьд өнгөрсөн онд 450-650 мянган төгрөг байсан бол энэ жил мөн засвартай, засваргүйгээс шалтгаалаад 630-780 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

МУБИС бол оюутны дөрвөн дотуур байраас гадна “Оюутны өргөө I,II”-ийг хариуцдаг. Нийт 1800 гаруй оюутныг хүлээн авах хүчин чадалтай ба сургуулийн дотуур байр нь жилийн тогтмол 430 мянган төгрөг байдаг байна. Харин “Оюутны өргөө” байранд нэг хүний 105 мянган төгрөгийг зургаан сар болон жилээр авдаг ба өрөөндөө дөрвүүлээ байрлана гэж заасан байдаг ч хоёулаа байрлах бол дахин мөнгө нэмж төлдөг болгожээ. ШУТИС оюутны таван байртай бөгөөд 1800 гаруй оюутныг хүлээн авах хүчин чадалтай аж. Бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын сүүлийн долоон хоногт явуулдаг ба төлбөрийн хувьд 550 мянган төгрөг байдаг байна. Харин барьцаа 30 мянган төгрөг байршуулдаг гэсэн юм.

Харин Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны дотуур байр сүүлийн дөрвөн жилд 680 мянган төгрөг байсан бөгөөд барьцааны 60 мянган төгрөг өгдөг байна. Нэг өрөөнд /хоёр сая 720 мянган төгрөг/ төлөгдөх ёстой гэж тооцоологддог бөгөөд тус өрөөний төлбөрөө төлж чадвал заавал дөрвөн оюутан гэхгүйгээр ганц, хоёр оюутан ч байж болдог гэлээ. 

-НИЙТИЙН БАЙР ТОХИЖИЛТООСОО ХАМААРЧ 150-350 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА-

Харин нийтийн байр болон түрээсийн байрнууд тохижилт, байрлалаас хамаарч 150-350 мянган төгрөгийн хооронд байна. Энэ нь дотроо нойл, душ гэх мэт төвийн шугамтай холбогдсон тохиолдолд 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Голцуу хөдөө орон нутгийн оюутныг байрладаг гэх хэд хэдэн нийтийн байрны эзэдтэй холбогдож үнэ ханшын талаар лавлахад "Цэвэрхэн, ганцаараа байх, эмэгтэй оюутан л авах хүсэлтэй байгаа бөгөөд эрэгтэй зарим оюутнууд олуулаа цугларч, архидан согтуурах, түрээсээ удаах гэх мэт асуудлууд ар араас их гардаг" гэсэн юм. Харин түрээсийн байр мөн байрлал тохижилтоос хамаарч нэг өрөө нь 500-700 мянга, хоёр өрөө нь 700-900 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа бол хажуу өрөө 200-350 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Үүндээ мөн байрлал, тавилга, ахуйн хэрэглээ, ор гэх мэт зүйлс багтах бөгөөд барьцаа 50-100 мянган төгрөгийг төлдөг байна.