Дүүгийнхээ гадаад паспортаар Монголд ирсэн иргэнийг “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн гэж ял оноожээ

Дүүгийнхээ гадаад паспортаар Монголд ирсэн иргэнийг “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн гэж ял оноожээ

Цар тахлын улмаас Монгол улс хилээ хаан, гадаадад буй иргэдээ тусгай үүргийн онгоцоор шат дараатай татаж эхэлсэн. Тэгвэл 2020 оны есдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн нэгэн иргэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр, шүүхээс ял авчээ.

Тодруулбал, иргэн А /56 настай эрэгтэй/ 2020 оны есдүгээр сарын 15-ны тусгай үүргийн онгоцоор Монгол руу буцахдаа “гадаад паспортаа гээсэн” шалтгаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт хандан, буцах үнэмлэх олгох тухай хүсэлт гаргажээ. Ингэхдээ төрсөн дүүгийнхээ бичиг баримтыг ашиглаж, буцах үнэмлэх дээр өөрийн зургаа наасан байна. Ийнхүү Т0034… дугаартай хуурамч буцах үнэмлэхийг гаргуулж, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хилийн боомтоор нэвтэрчээ.  

-ШҮҮГДЭГЧ 2012 ОНД ТУРК УЛС РУУ АНХ ЯВАХДАА МӨН Л ДҮҮГИЙНХЭЭ ГАДААД ПАСПОРТЫГ АШИГЛАСАН БАЙЖЭЭ-

Иргэн А анх 2012 онд Турк Улс руу явж байжээ. Тэнд оёдлын үйлдвэрт “хараар” ажиллаж байгаад баригдан мөн оны тавдугаар сард Монгол руу буцаагдсан байна. Улмаар 2012 оны наймдугаар сарын 23-ны өдөр Туркийн хилээр дүүгийнхээ паспортаар нэвтэрчээ.

Энэ талаар иргэн А мэдүүлэг өгөхдөө “2012 онд охин маань Турк Улсад сурдаг байсан юм. Охиндоо хань болох санаатай 2012 онд Турк Улс руу явсан ч баригдаж, нутаг буцсан. Охиноо үлдээчихсэн учраас ямар нэгэн аргаар явъя гэж бодсон. Улмаар төрсөн дүүгийнхээ дүүгийнхээ болон өөрийн нэр дээр гадаад паспорт захиалж авсан. Ямар нэгэн засаж янзалсан зүйл байхгүй, жинхэнэ гадаад паспорт авсан. Монголоос 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр яваад Турк Улсын хилээр орохдоо дүүгийнхээ паспортаар орж, 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж амьдарсан.Турк Улсад амьдарч байх хугацаандаа автомашины осолд ороод нэг хэсэг эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед л дүүгийнхээ гадаад паспортыг гээгдүүлсэн бололтой. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Истанбул хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаман дээр очиж “гадаад паспортаа гээсэн” үндэслэлээр хандан Монгол руу явах хүсэлт гаргасан. Ингэхдээ дүүгийнхээ иргэний үнэмлэхийн хуулбар болон өөрийнхөө зургийг өгөөд, буцах үнэмлэх гаргуулж авсан” гэжээ.

Мөн тэрбээр “Би Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрснээ ойлгож, гэмшиж байна. Шүүх цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа нь хэцүү байна. Амьдрал хэцүү байгаа учир бага хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн байна.

Харин тухайн үед иргэн А-ын дүү ахыгаа өөрийнх нь бичиг баримтыг ашиглан гадаад явсан гэдгийг мэдээгүй байжээ. Тэрбээр энэ талаар “Би өөрийн ах А-д гадаад паспортаа ашиглуулсан зүйл байхгүй. Сүүлд ах маань Турк Улсад оччихоод утсаар ярихдаа “ах нь чиний гадаад паспортыг ашиглаад гарчихсан шүү” гэж байсан. Тухайн үедээ би “бас тэгж болдог л юм байх даа” гэж бодож байсан” гэжээ.

-ИРГЭН А-Д ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦЖЭЭ-

Тухайн үед тусгаарлалтад ажиллаж байсан ажилтан хил нэвтрэх эрхийн баримт бичгүүдийг шалгаж байхдаа иргэн А-ийн буцах үнэмлэхийг олж харсан байна. Улмаар  иргэний бүртгэлийн сангаас үнэмлэх дээрх регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд гарч ирсэн зурган илэрц нь үнэмлэх дээрх зурагтай таарахгүй байжээ. Ийнхүү ахлах ажилтандаа хэлснээр хэрэг ил болжээ.

Уг хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны гуравдугаар сард болсон. Шүүхээс шүүгдэгч А-г хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцно” хэмээн заасан байдаг.

Улмаар тус зүйлд зааснаар шүүгдэгч А-д 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. Мөн уг хэргийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцдог.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө