FINANCIAL TIMES: Хүн амаа Хятадын вакцинаар дархлаажуулсан Монгол улс энэ сард гурав дахь тунг хийж эхэлнэ

FINANCIAL TIMES: Хүн амаа Хятадын вакцинаар дархлаажуулсан Монгол улс энэ сард гурав дахь тунг хийж эхэлнэ

Ухань хотод коронавирусийн халдвар анх гарснаас хойших хамгийн том дэгдэлттэй Хятад улс нүүр тулж байна. Шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй үед “Синофарм”, “Синавак” компаниудын коронавирусийн эсрэг вакцин Дельта хувилбарын эсрэг хэр үр дүнтэй эсэх талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа нь анхаарал татах асуудал юм. 

“Фпайзер”, “АстраЗенека”, “Модерна” вакцинууд мутацийн эсрэг үр дүнтэй байгаа талаарх судалгаа олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Харин Хятад улс вакциныхаа нэг ч судалгааны материал нийтлүүлээгүй.  

Өнгөрсөн долоо хоногт Наньжин хотын эрүүл мэндийн байгууллагуудаас халдварын нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр Хятадын Коммунист намын албан ёсны сонин болох People’s Daily -ийн сэтгүүлч халдвар авсан хүмүүс ямар вакцин хийлгэсэн талаар асуусан байна. Гэвч эрх баригчид уг асуултыг тавьсан сэтгүүлчид сахилгын арга хэмжээ авчээ.

Нью -Йорк дахь Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах ажилтан Хуан Янжонг энэ талаар “Хятад улс вакцинжуулалтыг сайтар хянаж, хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг код бүхий системд оруулдаг. Ийм байтал  Наньжин хотын эрх баригчид ямар вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан талаар нарийн мэдээлэлтэй байх ёстой. Үнэндээ энэ их эмзэг асуудал болоод байна. Магадгүй тэд хариулахаас зайлсхийсэн бололтой” гэжээ.

Хятадын Засгийн газрын Төрийн зөвлөлийн албан тушаалтнууд “эхний судалгааны үр дүнд нэг жилийн хугацаанд вакцин хийлгэсэн хүмүүст нэмэлт тарилга шаардлагагүй  байсан. Гэвч өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдэд “бүүстер” тун хийх нь зөв гэж үзэж байгаа. Бид нэмэлт тарилгын талаар судалж байна” гэв.

Долдугаар сард “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн Чилийн вакцинжуулалтын хөтөлбөрийн судалгаагаар Синовакийн вакцин нь халдвараас урьдчилан сэргийлэхэд 66 хувь, эмнэлэгт хэвтэхээс 88 хувь хамгаалж буй нь тогтоогджээ. Түүнчлэн Шри Ланкад 282 хүнд хийсэн өөр нэг судалгаагаар “Синофарм” Дельта хувилбараас хамгаалах эсрэг биеийн хариу урвал үүсгэдэг болох нь тогтоогдсон аж.

 Гэвч бусад үр дүн тийм ч таатай байсангүй. Хонконгийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас үзэхэд “Синофарм” вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн биед “Pfizer” вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсээс хоёр дахин бага эсрэг биет үүссэн байжээ.

Долдугаар сард нийтэлсэн судалгаагаар “Sinovaс”-ийн вакцины үр дүнд үүссэн эсрэг бие зургаан сарын дараа мэдэгдэхүйц буурсан. Судалгаанд хамрагдагсдын ердөө гуравны нэг орчимд нь эсрэг бие илрүүлэх босгоноос хэтрэхгүй хэмжээнд үүссэн байв. Гэхдээ гурав дахь тунг хийсний дараа эсрэг биеийн түвшин тав дахин өссөн аж.

Одоогоор Хятадын вакцинаар иргэдээ дархлаажуулсан Арабын Нэгдсэн Эмират, Турк улсууд тодорхой бүлэгт Хятадын вакцины “бүүстер” тунг санал болгож эхлээд байна. Монгол Улс ч мөн энэ сард уг стратегийг хэрэгжүүлэх болно. Харин Филиппин, Тайланд улсууд дээрхтэй адил ижил вакцинаар гурав дахь тунг хийх үү, эсвэл өөр төрлийн вакцинтай холих эсэхээ шийдээгүй байгаа юм. Синовакийн вакцин хийлгэсэн хэдэн зуун эмч халдвар авсны дараа Индонезийн эрх баригчид эрүүл мэндийн ажилтнуудад гурав дахь тунгаар “Модерна” өгч эхлээд байна. Малайз улс өнгөрсөн сард нийлүүлэлт дуусмагц “Синовак”-ийн вакциныг ашиглахаа болино гэж мэдэгдсэн. Хонконг мөн “Синовак” тариулсан хүмүүст нэмэлт тунгаар “Pfizer” тарихаар туршилтаа эхлүүлээд байна.

Эх сурвалж: Financialtimes