ТОКИО 2020: Олимпоос алтан медаль "шүүрсэн" орон орны хамгийн ЗАЛУУ тамирчид

ТОКИО 2020: Олимпоос алтан медаль "шүүрсэн" орон орны хамгийн ЗАЛУУ тамирчид

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг Токио 2020 олимпийн наадам үргэлжилж байна. Энэ удаагийн зуны олимпод дэлхийн 206 орны тамирчид медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж буй. Тэгвэл дөрөв дэх өдрөө үргэлжилж буй олимпоос алтан медаль аваад буй орон орны хамгийн залуу тамирчдыг онцлон танилцуулж байна. 

-СКЕЙТБОРД ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН 22 НАСТАЙ ЯПОНЫ ТАМИРЧИН ЮТО ХОРИГОМЭ-

 Юто Хоригомэ 

Энэ жилийн олимпын наадамд анх удаа зохион байгуулагдаж буй спорт болох скейтбордын төрөлд Японы тамирчин Юто Хоригомэ алтан медаль хүртлээ. Тэрбээр таван оролдлогынхоо дөрөвт нь 9-өөс дээш оноо авч, нийт 37.18 оноогоор алтан медаль хүртсэн юм. 

Өдгөө 22 настай Хоригомэ нь Японы Токио хотод төрсөн, хоёр дүүтэй. Долоон настайгаасаа эхлэн скейтбордоор хичээллэж эхэлсэн түүнд аав нь хэрхэн гулгахыг зааж өгсөн гэнэ. 

14 настайгаасаа хойш АНУ-д байх болж, мэргэжлийн скейтбордын тамирчин Мики Папатай хамт бэлтгэл хийх болжээ. Японд өвлийн улиралд хүйтэн байдаг тул АНУ-д өвлийн турш үлдэж, бэлтгэл хийдэг байсан аж. Энэ хугацаанд Тампа Ам, Дью Тур зэрэг Америкийн тэшүүрийн олон төрөлд хүчээ үзэж, зураг авалтуудад ч оролцож байжээ. Түүний анхны томоохон хэмжээний тэмцээн нь 2015 онд Лос Анжелес хотод болсон “Wild In The Parks”байв. Мэргэжлийн тэшүүрчдийн ихэвчлэн оролцдог уг тэмцээнд  Хоригомэ хоёрдугаар байрт орсон юм. 

 Юто Хоригомэ 

Дөнгөж 22 настай тамирчин олимпод анх удаа зохиогдсон тэмцээний төрөлд дэлхийн шилдгүүдийг буулгаж авснаар Япончуудын бахархал болж чадлаа. 

-400 МЕТРИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРЛӨӨР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН 18 НАСТАЙ ТУНИСЫН ТАМИРЧИН АХМЕД АЮБ ХАФНАУИ-

18 настай усанд сэлэлтийн тамирчин Ахмед Аюб Хафнауи

Тунис улсын 18 настай усанд сэлэлтийн тамирчин Ахмед Аюб Хафнауи Токиогийн олимпоос 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр алтан медаль хүртлээ. Харин удаах байранд Австралийн тамирчин Жек Маклафлин, Америкийн тамирчин Киран Смит нар орсон юм. Америк, Австралийн тамирчдыг буулгаж авна гэдэг амаргүй. 

Ахмедын аав нь Тунис улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч Мохамед Хафнауи аж. 18 настай хүү 2019 онд орон нутгийнхаа "La Presse" сонинд өгсөн ярилцлагадаа 2024 оны Парисын олимпоос алтан медаль авах зорилготой гэж ярьж байв. Гэтэл тэрбээр зорилгоо гурван жилийн өмнө биелүүлж, 2024 онд аваргаа хамгаалах даалгавартай олимпод оролцох боллоо.

-ОЛИМПООС НЭГЭН ЗЭРЭГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН АХ ДҮҮ ХОЁР-

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг жингийн барилдаанууд өчигдөр/2021.07.25/ зэрэг болж өндөрлөсөн. Тэгвэл тус хоёр жинд Япон улсыг төлөөлөн барилдсан ах дүүс хамтдаа анхны олимпод өрсөлдөн, анхны алтан медалиудаа хүртэж түүхэнд бичигдлээ. Ах, 23 настай Хифүми Абэ нь 2017, 2018 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд өчигдөр Гүржийн Ваза Маргвелашвилиг ялж алтан медаль хүртсэн. Харин дүү, 21 настай Үта Абэ нь 2018, 2019 оны дэлхийн аварга бөгөөд өнөөдөр Францын Амандин Бучарыг ялж алтан медаль хүртсэн юм. 

Ах 23 настай Хифүми Абэ

1997 онд төрсөн ах Хифуми нь 2014 оны Нанкиний залуучуудын олимп, мөн 2017, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бол  дүү Ута 2018, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгөрч үлдсэн. 

Япончуудын бахархал болсон Үта Абэ тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпын аварга болохын тулд л би бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Бушар маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Үнэхээр хүндэлмээр тамирчин. Би финалд 52 кг-д Япон орондоо заавал алтан медаль авчирна гэсэн зорилготой барилдсан. Энэ бол ах болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамтдаа авсан алтан медаль” гэсэн юм. 

Дүү Үтэ Абэ

Түүнчлэн Хифүми Абэ “Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж л бодсон. Харин элдэв дарамт мэдрээгүй. Ингээд бид түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Цаашдаа олимпын аварга гэдэг нэр хүндээ дааж явахыг хичээнэ. Өнөөдөр би тайван сайхан барилдаж чадлаа” гэж ярьжээ.  

-ОЛИМПООС НААДМЫН ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨС АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН 19 НАСТАЙ УЗБЕКИСТАНЫ ТАМИРЧИН-

19 настай Улугбек Рашитов 

19 настай Улугбек Рашитов Их Британийн Брэдли Синденийг ялснаар таеквондогийн төрлөөр Олимпийн анхны алтан медалийг хүртсэн Узбекистаны тамирчин болов. Рашитов тэмцээний сүүлийн 15 секундын дотор дөрвөн онооны эргэлттэй өшиглөлтийг хийж, 34-29 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм. 

Рашитов дэлхийн тавцанд харьцангуй туршлага багатай боловч энэ удаагийн амжилтаараа Узбекистаны тулааны спортод томоохон дэвшил авчирч чадлаа. 

-ФРАНЦЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРСАН 24 НАСТАЙ РОМЕЙН КАННОН-

Ромейн Каннон

Токио 2020 олимпын наадамд оролцож буй Францын тамирчдын дундаас анхны алтан медалийг туялзуур сэлмийн төрлөөр 24 настай  Ромейн Каннон хүртлээ. Тэрбээр тэмцээний сүүлийн шатанд Унгарын Гергели Сиклосигтой таарч, 15:10-ын харьцаатайгаар ялсан юм. 

Каннон Францад төрсөн боловч АНУ-д өсөж торнисон. 12 настайдаа анх туялзуур сэлмийн спорттой “танилцаж” 13 настайдаа Нью-Йоркийн туялзуур сэлэмний академид сурч эхэлжээ. Улмаар 2016 онд Токиогийн олимпод оролцох эрхээ авахын тулд төрсөн орондоо буцаж очсон аж. 

Ромейн Каннон

Каннон 2020 онд олимпын эрхээ авсан ч зөвхөн орлох тамирчны хуваарьтай байсан юм. Гэвч энэ оны зургадугаар сарын 18-нд багийн гишүүн Даниэль Жерент хар тамхины шинжилгээнд хамрагдаагүй улмаас багаас хасагдаж, оронд нь Каннон үндсэн тамирчнаар сонгогдсон байна. 

-ТОКИО-2020-ООС АНУ-ЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ ХҮРТСЭН 18 НАСТАЙ АНАСТАСИЯ ЗОЛОТИК-

Токио 2020-д АНУ-ын анхны алтан медалийг хүртсэн 18 настай Анастасия Золотик

Токио 2020-д АНУ-ын анхны алтан медалийг хүртсэн Анастасия Золотик 18 настай. Алтан медалийн төлөө тэрбээр ОХУ-ын тамирчин Татьяна Мининатай таарч, 25-17 харьцаагаар ялснаар, хөнгөн жингийн аварга цолыг хүртсэн юм. Ингэснээр тэр олимпийн таеквондогийн төрөлд финалд шалгарсан дөрөв дэх америк хүн бөгөөд цорын ганц эмэгтэй болж байна.

Золотик Флоради мужийн Ларго хэмээх хотын уугуул иргэн бөгөөд багаасаа л найз, нөхөд, гэр бүлийнхэндээ өөрийгөө хэзээ нэгэн цагт Олимпийн аварга болно гэж хэлдэг байжээ. Багийн мөрөөдлөө тэр Токио 2020-д биелүүлж чадлаа. 

-УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРЛӨӨР ЯПОНЫ АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВСАН ЮИ ОХАШИ-

Юи Охаши 

Японы тамирчин Юи Охаши эмэгтэйчүүдийн 400 метрийн усанд сэлэлтийн ганцаарчилсан төрөлд 4 минут 32.08 секундын амжилт үзүүлж, алтан медалийн болзол хангасан юм. Ингэснээр тэрбээр уг төрлөөр медаль хүртсэн Японы анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ. 

Өдгөө 25 настай Юи Охаши 2015 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо, 200 метрийн ганцаарчилсан сэлэлтэд өрсөлдсөн 40 тамирчнаас хамгийн сүүлд орж байв. Түүний бие өвдөж, муу гүйцэтгэл нь зургаан сарын турш үргэлжилсэн тул эмнэлэгт зарим шинжилгээ хийлгэсэн байна. Гэтэл “хэт цус багадалт” гэж оношлогджээ. Үүний улмаас тэр спортоо орхих талаар хэсэг бодсон аж. Гэвч тэр бууж өгөөгүй. Эм ууж, хоолны дэглэмээ өөрчилсний дараа биеийнх нь байдал сайжирч, сэлэлтийн үзүүлэлт нь ч эрс өөрчлөгдсөн байна. 

Юи Охаши 

Хэцүү бэрхшээлийг даван туулахдаа Охаши төлөвшсөн хүн, тэсвэр хатуужилтай тамирчин болсон гэж хэлж болно. Тэрбээр сэлэлтийн үзүүлэлтүүдээ гайхмаар хурдтайгаар сайжруулсаар 2017 оны Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд 2:7.91 гэсэн амжилтыг бүртгүүлж, мөнгөн медалийн эзэн болсон байна. 

Тэрбээр медалиа авсныхаа дараа “Би үнэхээр аз жаргалтай байна. Одоо ч өөртөө итгэж чадахгүй байна. Тэмцээний үеэр би өөртөө аль болох дарамт үзүүлэхгүйгээр энгийн үе шигээ л сэлэхийг хичээсэн” гэжээ. 

-ДЭЛХИЙН ТАМИРЧДААС ӨРСӨЖ ТОКИО 2020 ОЛИМПЫН НААДМЫН ХАМГИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ ХҮРТСЭН  ЯН ЦЯНЬ-

БНХАУ-ын тамирчин Ян Цян

Токио 2020 наадмын хоёр дахь өдөр олимпын анхны алтан медалийг БНХАУ-ын тамирчин Ян Цян 10 метрийн хийн бууны төрлөөр хүртсэн билээ.  Тэрбээр олимпын дээд амжилтыг 251.8 оноогоор тэргүүлсэн. Өдгөө 21 настай Ян Цян анх удаа олимпод оролцохдоо эх орныхоо төрийн дууллыг Токиогийн цэнгэлдэхэд эгшиглүүлж чадсан юм. 

Ян Цян 2000 онд Зүүн Хятадын Жэжян мужид төрсөн. 2011 онд бага сургуулийн дөрөвдүгээр ангид байхад нь Нинбо спортын сургуулийн буудлагын багт багш нар нь сонгож, оруулж байжээ. 

БНХАУ-ын тамирчин Ян Цян 

Ян Цян алтан медал хүртсэний дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Сун Чунлан Хятадын Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын тамирчдын төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.