ЭМЯ: Вакцинд хамрагдахгүй байгаа нь мутацилагдсан хувилбар бий болоход нөлөөлж байна

ЭМЯ: Вакцинд хамрагдахгүй байгаа нь мутацилагдсан хувилбар бий болоход нөлөөлж байна

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Өмнө нь Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан. Харин одоо Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, 17.6 хувьд хүрлээ. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын халдварын тархалт саарч байна. Гэхдээ халдварын тархалтыг нэмэгдүүлдэг зүйл нь хүн амын хөдөлгөөнтэй холбоотойг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн хөдөлгөөн ихэсвэл тархалт нэмэгдэж, эргээд давлагаалах эрсдэл хэвээр байна гэлээ.

Мөн энэ үеэр мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцины гурав дахь тунгийн талаарх судалгааны үр дүнг хэзээ олон нийтэд нээлттэй мэдээлэх вэ. Вакцинжуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтой юу?-Вакцины цэгүүдийг нэмэгдүүлэх талаар эмнэлгүүдтэй хэлэлцээ хийж байна. Дархлаажуулалтад ажиллаж буй эмч нар хоёрдугаар сараас хойш амралтгүй ажиллаж байна. Өрхийн эмч нар вакцинжуулалтын ажилд түлхүү дайчлагдаж байгаа. Зуны цагт хүн хүчээ сэлбэх үүднээс эмч нараа амраах бодлого баримталж байна.

Гурав дахь тунгийн талаар судалгаа хийх шаардлагатай. Ирэх сардаа багтаан танилцуулах үүргийг Онцгой комиссоос өгсөн. Халдварт өвчнөөс хамгаалах хамгийн гол арга хэрэгсэл нь зай барих болон гараа угаах. Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгаад талархаж байна. Гэхдээ вакцинд хамрагдахгүй байгаа нь мутацилагдсан хувилбар бий болоход нөлөөлж байна. Манай улсад вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан ч хоёр дахь тунгаа хийлгэхгүй байгаа 200 мянга орчим хүн байна.

-Дельта вирус гадаргуу дээр тогтох түүгээр дамжуулан халдварлах чадвар нь хэр вэ. Эмийн хүрэлцээ, нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Лабораторийн түвшинд хийгдсэн судалгаагаар гадаргуу дээр тогтдог гэж гарсан.

Дельта вирусийн хувьд халдвар дамжих зам нь ижил буюу агаар дуслын замаар дамжина. Иймээс хамгаалах арга зам нь хүртэл ижил юм.

Эрүүл мэндийн яам эмийн компаниудтай байгуулсан гэрээгээр эм худалдан авч байна. Эмийн агентлагтай төвлөрсөн худалдан авалт хийгдсэнээр хүртээмж нэмэгдэж байгаа юм.

-Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүс дельта вирусээр өвчлөх магадлал нь өндөр гэсэн. Одоо халдвар авч байгаа хүмүүс дельта вирусээр халдварласан эсэхийг хэрхэн тогтоож байгаа вэ?
-Манай улсын хувьд дельта вирусийг ПСР шинжилгээний оношлуураар тогтоож байна. БНХАУ болон Өмнөд Солонгосын оношлууруудыг ашиглаж буй юм. Шаардлагатай бол шинжилгээний сорьцоо гадаад улс руу илгээж байгаа.

Бичлэг үзэх: