СУДАЛГАА: Вакцины бүрэн тунгийн дараах дархлаа хэр удаан хугацаанд таныг хамгаалж чадах вэ

СУДАЛГАА: Вакцины бүрэн тунгийн дараах дархлаа хэр удаан хугацаанд таныг хамгаалж чадах вэ

Шинэ төрлийн коронавирусээс хамгаалах вакциныг тойрсон тодорхойгүй олон асуулт бий. Учир нь хүн төрөлхтөн маш богино хугацаанд “sars-cov-2” вакциныг гарган авсан бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрлийг саяхан л олгосон. Тиймээс эрдэмтэд вакцины урт хугацааны үр нөлөөний судалгааг хараахан хийж амжаагүй байна.

Иргэдийн дунд “хоёр тунгаа хийлгэсэн хүн насан туршийн дархлаатай болох уу”, “аль эсвэл вакцины бүрэн тунгийн дараах дархлаа хэсэг хугацаанд л үйлчлэх үү” гэсэн нийтлэг асуулт үүсээд буй. Уг асуултын хариуг эрдэмтэд мөн л бүрэн шинжилж олоогүй байгаа бөгөөд одоо ч судалгааны ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл манай улсын хэрэглэж буй вакцинуудын хоёр тунгийн дараах дархлаа хадгалах хугацааг эрдэмтэд урьдчилсан байдлаар юу гэж дүгнэж буйг та бүхэнд хүргэе.

-ДЭМБ-ААС БАТАЛГААЖУУЛСАН АНХНЫ ВАКЦИН “PFIZER”-

Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, харшлын эсрэг эмч, дархлаа судлаач Др.Сюзан Бэйли “Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг зарим вакцин ерөнхийдөө насан туршийн дархлааг үүсгэдэг. Харин томуугийн эсрэг вакцинуудыг хүн жил бүр хийлгэх шаардлагатай. Тиймээс ч хүн төрөлхтөн цаашдаа “sars-cov-2”-ийн эсрэг вакциныг жил бүр хийлгэх шаардлагатай тулгарч байна” хэмээжээ.

Хүний дархлааны хариу урвал харилцан адилгүй байдаг. Орегоны мужийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн төвийн захирал Чунхуэй Чи саяхан өгсөн ярилцлагадаа “Вакцин хийлгэсний дараах дархлааны хариу урвал илүү хүчтэй эсрэгбие, ой санамжийн эсийг үүсгэдэг гэжээ.  Гэхдээ хариу урвал илүү хүчтэй илэрснээр дархлааны үргэлжлэх хугацааг нэмэгдүүлдэг гэдгийг нотлох баримт одоогоор алга байна.

Мөн Их Британийн Эрүүл мэндийн үндэсний төв саяхан хийсэн судалгаагаараа “дархлааны хариу урвал өндөр байна гэдэг нь илүү хүчтэй гаж нөлөө үзүүлнэ гэсэн үг биш” гэдгийг баталжээ.

Эрдэмтдийн одоогийн судалгаагаар коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст үүссэн вирусээс хамгаалах дархлаа найман сарын турш хадгалагдан үлдсэн байна. Энэ нь судлаачдад вакцин хийсний дараа дархлаа хэр удаан үргэлжлэхийг таамаглах эхлэлийг тавьж буйг Чунхуэй Чи онцолжээ. Гэсэн хэдий ч уг судалгаа хийгдэж байгаа бөгөөд энэ хооронд зөвхөн шинжлэн ухаанд тулгуурласан таамаглал дэвшүүлж чадна гэж шинжээчид үзэж байна.

Манай улсын хувьд “Pfizer”/“BNT162b2”/ вакциныг энэ сарын 26-аас эхлэн дархлаажуулалтдаа хэрэглэж эхлээд байгаа билээ. Ингэхдээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, донор хүмүүст хийж буй. "Файзер" бол уламжлалт аргын вакцин биш, харин уургийн мэдээллийг агуулсан РНХ-г /рибонуклейн хүчил/ шууд вакцин болгон ашиглахад чиглэсэн хамгийн сүүлийн үеийн технологиор гарган авсан вакцин юм. Тэгвэл уг вакцины дархлаа хадгалах хугацааны талаар эрдэмтэд ямар таамаг дэвшүүлж байна?

“Pfizer”, “BioNTech” компаниудын хэлж буйгаар вакцины гуравдугаар шатны туршилтад хамрагдсан хүмүүсийг үргэлжлүүлэн тандахад зургаан сарын өнгөрсөн ч дархлаа нь хүчтэй хэвээр байжээ. Тэдний үзэж буйгаар вакцины хоёр тунгийн дараах дархлаа зургаан сарын турш хүчтэй хэвээр байсан бөгөөд үүнээс ч илүү хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Учир нь  зургаан сарын турш вакцины дархлааны хэмжээ огт буураагүй байсан аж. “Хэрэв ямар нэгэн байдлаар буурсан байсан вакцины дархлаа хадгалах хугацааг зургаан сараас илүү байна гэж үзэх боломжгүй” гэж тэд мэдэгджээ.

Вакцин бүтээгчдийн хийж буй судалгаагаар “BNT162b2”-ийн хоёр тунг хийлгэсэн хүмүүст тогтсон дархлаа зургаан сарын турш өндөр хэвээр байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс үүнээс ч урт хугацаанд дархлаа хадгалах чадвартай гэсэн таамаглалыг тэд дэвшүүлжээ. “Pfizer” вакцины дархлаа үргэлжлэх хугацааны судалгаа үргэлжилсэн хэвээр байна.

АНУ-ын Өвчлөл хянах, Урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр /CDC/ уг вакцин хүнд өвчлөхөөс 100 хувь, харин Хүнс эмийн удирдах газрын/FDA/ тодорхойлсноор хүнд хэлбэрийн COVID-19-ийн эсрэг 95.3 хувь үр дүнтэй болохыг тогтоожээ. Тус вакцин нь одоогоор Өмнөд Африкт өргөн тархаж буй коронавирусийн B.1.351 хувилбарын эсрэг 100 хувь үр дүнтэй болох нь тогтоогдоод буй.

-ОХУ-ЫН “СПУТНИК V” ВАКЦИНЫ ДАРХЛАА ХАДГАЛАХ ХУГАЦАА- 

Москва дахь Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн гарган авсан “Спутник – V” /Гам-КОВИД-Вак/ вакцин 90-ээс дээш хувийн үр дүн /91,6%/ үзүүлсэн гурван вакцины нэг юм. Эмнэлзүйн туршилтын 3 дугаар үе шат нь дуусаагүй байхад буюу өнгөрсөн оны 8 дугаар сард ОХУ-ын зохицуулагч байгууллага уг вакциныг бүртгэн авч, улмаар 12 дугаар сараас хэрэглэж эхэлсэн нь эргэлзээ дагуулж, барууны хэвлэлүүдийн хүчтэй шүүмжлэлд өртөж байсан билээ.

Тус улсын вакцин нь SARS-CoV-2 вирусний өргөсний уургийн геномийг агуулсан аденовирусний вектор дээр суурилагдсан бөгөөд энэ нь олон арван жилийн туршид сайтар судлагдсан платформ.  Энэхүү платформыг Эбола, MERS өвчний эсрэг вакцин гарган авахад ашиглаж байжээ.

ДЭМБ-аас ОХУ-ын  “Спутник V” вакцины үнэлгээг ирэх зургадугаар сард хийж, долдугаар сард яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Одоо холбогдох мэргэжилтнүүд “Спутник V” вакцины эмнэлзүйн болон практик үйл ажиллагааг судалж байгаа бөгөөд үүнд ойролцоогоор нэг сарын хугацаа орох аж. ДЭМБ, Европын эмийн агентлагаас уг вакцинд албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байгаа тул нарийвчилсан судалгаа ховор байна. Харин ОХУ-ын тэргүүлэх эрдэмтэн саяхан вакцины дархлаа хадгалах хугацааны талаар ярилцлага өгчээ.

Тодруулбал, тус улсын Эрүүл ахуй, хяналтын албаны дарга А.Попова "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа “Спутник V вакцины хоёр тунгийн дараа тогтох дархлааны үргэлжлэх хугацааг 10 сар гаруй” гэж үзэж байгаа талаараа ярьжээ. Үүнээс өмнө “Российская газета” сонинд гарсан судалгаанд “Спутник V”  вакцины дархлаа үргэлжлэх хугацааг 9 сар гэж мэдээлж байсан юм/Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү/. 

Харин “АстраЗенека” болон БНХАУ-ын "Вероселл" вакцинуудын дархлаа үргэлжлэх хугацааны талаарх  урьдчилсан судалгаа одоохондоо гараагүй байна.

Өнгөрсөн сард “Washington Post” сонинд гарсан “Коронавирусийн эсрэг вакцин таныг хэр удаан хамгаалах вэ” нийтлэлд “олон улсын түвшинд хийгдэж буй судалгаанд дархлааны үргэлжлэх хугацааг 9 сар орчим байна гэсэн дүгнэлт давамгайлж байгаа талаар дурджээ. Түүнчлэн “одоогийн вакцинууд коронавирусийн ихэнх хувилбарын эсрэг үр дүнтэй хэвээр байна. Гэвч вирус үргэлжлэн мутацид орсоор байвал энэ үр дүн өөрчлөгдөх магадлалтай. Хүмүүсийг вакцинжуулахад хугацаа алдах тусам мутаци үүсэх эрсдэл өндөр бөгөөд вакцины үр нөлөө ч буурна. Тиймээс аль болох олон хүнд вакцин хийлгэх хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: Lancet, Washington Post,  Healthline