П.Бодьсайхан: Оюутнууд төлбөрөө төлөхгүй гээгүй. Хамгийн гол нь хувь тэнцүүлж, хөнгөлөлт үзүүлэхийг л хүссэн

П.Бодьсайхан: Оюутнууд төлбөрөө төлөхгүй гээгүй. Хамгийн гол нь хувь тэнцүүлж, хөнгөлөлт үзүүлэхийг л хүссэн

Коронавируст цар тахлын улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахимаар явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд их дээд сургуулиуд тог, ус, цахилгаан, интернет гэх мэт урсгал зардлаа хэмнэж буй. Иймээс оюутнууд нэгдэн хэмнэсэн зардлаасаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхийг шаардаж, цахим сүлжээнд өөрсдийн дуу хоолойгоо янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байна.

Энэ асуудлаар бид МУИС-ийн Улс төр судлалын танхимын 4-р түвшний оюутан П.Бодьсайхантай ярилцлаа. Түүний хувьд саяхан залуу ээж, аав оюутнуудыг төлөөлж цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн юм.  

-ОЮУТНУУД ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ ГЭЭГҮЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ УРСГАЛ ЗАРДАЛТАЙ ХУВЬ ТЭНЦҮҮЛЖ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА-

-Сайн байна уу. Сүүлийн үед оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудал нэлээдгүй хөндөгдөж байна. Тэгэхээр яриагаа уг асуудлаас эхэлье. Таны хувьд сургалтын төлбөртэй холбоотой яг ямар асуудал тулгарч байна вэ?

-Сайн. Сайн байна уу. Цахим сургалтаар бид урьд нь танхимаар хичээллэдэг байсантай дүйцэхүйц чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Мөн цахимаар хичээллэж буйтай холбоотойгоор их сургуулиудын урсгал зардал багасгаж байхад оюутнууд өмнөх дүнгээр төлбөрөө төлж байна. Бид өнгөрсөн хоёр улирлын туршид дуугүй бүтэн төлбөрөө төлсөн. Одоо цар тахлын үед эдийн засаг хямарч, эцэг, эх ар гэрийнхэн маань хүнд байдалд байгаа тул сургалтын төлбөрийг адилхан хэмжээнд нь хувь тооцож хөнгөлж өгөхийг хүсэж, хөдөлгөөнд өрнүүлж байгаа юм. Өрхийн орлогын түвшин тодорхой хэмжээнд буурсан байхад бас төрөөс албан байгууллагуудын тог, цахилгаан, усны мөнгийг тэглэсэн байхад яагаад оюутнуудаас бүтэн төлбөр авч байгаа юм бэ. Энэ нь эргээд санхүүгийн дарамт болж байна гэсэн үүднээс бид тэмцэж байна.

-Танай сургуулийн хувьд/МУИС/ сургалтын төлбөрөө оюутнуудаасаа авч эхэлж байгаа юү.

-Одоогоор авч эхлээгүй байна. Хоёрдугаар сарын 1-ээс долоон хоногийн өмнө хичээл сонголт эхэлж сургалтын төлбөрөө авч эхэлдэг. Хэрэв сургалтын төлбөрөө бүтэн төлж чадахгүй бол хичээл баталгаажихгүй. Цаашлаад долоо хоногийн турш төлж чадаагүй тохиолдолд тухайн оюутан тус семестр сурч чадахгүй гэсэн үг.

-Их дээд сургуулиуд хоёр семестрийн туршид бүтэн төлбөрөө авсан гэж байна. Ер нь өмнө нь энэ асуудлаар оюутнууд сургуулийнхаа захиргаа, боловсролын дээд шатны байгууллагуудад хандаж байсан уу.

-Тодорхой хэмжээнд ийм хөдөлгөөн бол өрнүүлж байгаагүй. Оюутнууд цахимаар бүтэн хоёр улирлын туршид хичээл орно гэж төсөөлөөгүй. Энэ семестрийн хувьд цахимаар орох ч тодорхой хэмжээгээр танхимаар хичээллэн, "ковид"-ийн нөхцөл байдал дээрдэх байх гэж бодож байсан учраас хүчтэй хөдөлгөөн бол өрнүүлж байгаагүй. Зарим оюутан залуус, найзуудын маань өрхийнх нь орлого бүр тэг зогсолт хийсэн байхад яаж ийм үед бүтэн төлбөрөө төлөхийг шаардаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Оюутнууд төлбөрөө төлөхгүй гээгүй шүү дээ. Хамгийн гол нь хувь тэнцүүлж, хөнгөлж үзүүлэхийг л хүссэн. Сургууль дээрээ ашиглаагүй зардлаараа өөрсдийн сурах орчноо бүрдүүлж ядаж утас, интернетийнхээ зардлыг төлье гэж хөдөлгөөн өрнүүлж байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

-ӨӨРИЙН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛСЭН БАЙХАД ГЭР БҮЛ, ХҮҮХЭД РҮҮ МААНЬ СУБЪЕКТИВ БАЙДЛААР ДАЙРЧ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА-

-Таны хувьд тус хөдөлгөөнд оролцохдоо хүүхэдтэй хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь багагүй маргаан өрнүүлээд байна. Яагаад хүүхэдтэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан юм бэ.

-Миний хувийн асуудалтай холбоотойгоор нэлээдгүй дарамт ирж байгаа. Залуу гэр бүлүүд нийгэмд маш олон байдаг. Би ч гэсэн тэдний төлөөлөл, залуу аав. Манай найзуудын дунд ч оюутан байхдаа гэр бүл зохиосон хэд хэдэн хүн бий. Энэ хүмүүст сургалтын төлбөрийн дарамт ямар хүндээр тусдаг гэдгийг өөр дээрээ ч мэдэрсний хувьд, бас найзуудынхаа жишээн дээрээс ч харж байна. Бид оюутан, бас залуу аав ээжүүд байхад яагаад энэ асуудлыг бидний өнцгөөс харахгүй байгаа юм бэ гэдгийг л хөндөж өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Гэтэл зарим хүн үүнийг хувь хүн талаас харж, субъектив дайралт хийж байна. “Оюутан байж хүүхэдтэй боллоо”, “Орлогогүй байж гэр бүл зохиосон байна”, “Энэ сурлага муутай нөхөр л байж таарна” гэх мэт өнцгөөр харж байна. Би өөрийн цахим хаягтаа ч тодорхой баримтуудыг нийтэлсэн байгаа. Би МУИС-ийн оюутан. Миний дундаж голч 3,8. Бас залуу гэр бүл ч гэсэн өөрсдийн хэмжээнд орлогоо бүрдүүлдэг. Цар тахалгүй үед хичээлийнхээ хажуугаар ажил хийж сургалтын төлбөрөө төлдөг байсан.

Гэтэл ажил нь “таг зогсчихсон”, сүүлийн хэдэн сар ажилгүй, нялх хүүхэдтэй оюутнууд зөндөө байгаа. Эдгээр залууст төлбөрийн асуудал яаж хүндээр тусаж байгааг өөрийн биеэр мэдэрч, харж ойлгож буйн хувьд байр сууриа илэрхийлж, зургаа нийтэлсэн. Ийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй ээ. “Оюутнууд хөдөлгөөн өрнүүлж байгаа юм байна.  Өөрийн өнцгөөс байр сууриа илэрхийлье л” гэж хүссэн. Гэтэл гэр бүл, хүүхдийн маань хүрээнд субъектив дайралт ирж байгаад үнэхээр харамсалтай байна.

-Бас МУИС-ийн багштай холбоотой асуудал үүссэн байх шиг байсан?

-Тийм. Гэхдээ багш маань буруу ойлголцол төрүүлснээ хэлж уучлалт гуйсан.

-Ойлголоо. Оюутнуудын хувьд дээд шатны эрх баригчид яг ямар арга хэмжээг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Энэ асуудлын гарц шийдлийн талаар яриагаа өндөрлөе.

-Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хууль гэж байдаг. Бид боловсролын үйлчилгээний байгууллагаас чанаргүй үйлчилгээ авсныхаа төлөө чанартай үйлчилгээтэй дүйцэхүйц төлбөр төлнө гэдэг логикоор бодсон ч утгагүй асуудал шүү дээ. Оюутнуудын ихэнх нь эцэг эхээсээ хараат байдлаар сургалтын төлбөрөө олдог. Гэтэл цар тахлын хямралын улмаас өрхийн орлого нь тасарсан хүмүүст хүнд тусаж байна. Засгийн газрын зүгээс үүнийг зөвхөн сургалтын төлбөрийн зээлээр шийднэ гэж харж байгаа. Гэтэл энэ нь эргээд тодорхой хэмжээний асуудал үүсгэдэг. Жишээ нь оюутан төгсөх үед бүрэн диплом биш хуулбараа л авдаг гэх мэт. Их сургуулиудын урсгал зардал багасаж байгаа энэ үед хэмнэсэн мөнгөө яагаад буцаагаад оюутнууддаа зарцуулахгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг нь бид асууж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.