СУДАЛГАА: Хүн амын 5 хувьд халдвар тархахад эрүүл мэндийн салбарын нөөц илт доголдоно

СУДАЛГАА: Хүн амын 5 хувьд халдвар тархахад эрүүл мэндийн салбарын нөөц илт доголдоно

ЭМЯ-аас Монголд тохиолдох коронавирусийн онцлог, халдвар ба өвчлөлийн эмнэл зүй, оношлогоо, эмчилгээний талаар 12 судалгааны ажлыг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Үүнээс дөрвөн судалгааны ажлын үр дүн гарсан бөгөөд өнөөдөр Монгол Улсад COVID-19 халдварын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцох судалгааны зарим үр дүн зөвлөмжөөс товч танилцууллаа. 

Монгол улсын 3,3 сая хүн амын нэг хувь нь буюу 33,442 хүн коронавирусээр өвчлөхөд 20 хувь нь буюу 6688 хүн эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлж, 80 хувь нь гэрийн тусгаарлалт хяналтад байна гэж үзжээ. 

Мөн нэг иргэний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өртгийг 9,8 сая төгрөг гэж тооцоход 66 тэрбум төгрөгийг зарцуулах бол хүн амын 5 хувь нь буюу 167,212 хүн халдвар авахад 330 тэрбум, 10 хувь нь /334,424 хүн/ халдвар авахад 660 тэрбум төгрөг шаардагдах аж.

Эмнэлгийн нөөцийн хувьд хүн амын 1 хувь нь халдвар авах үед  15,824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгтэй болох бол 5 хувь нь халдвар авахад хүний нөөцийн чадамж 18 хувь буюу ачааллаа даах боломжгүй тооцооллын үр дүн гарсан байна. 

Өөрөөр хэлбэл Ковид-19 Монгол Улсын хүн амын 5 хувьд тархахад л эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал илт доголдох тул тархалтыг нэг хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээ авахыг зөвлөжээ.