Х.Нямбаатар: Чингис нэрээр бүтээгдэхүүний загвар гаргахыг хязгаарлана

Х.Нямбаатар: Чингис нэрээр бүтээгдэхүүний загвар гаргахыг хязгаарлана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Хуулийн төсөлд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн доор дурдсан зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсон байна. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг мөн нэмж тусгасан байна.

Түүнчлэн барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгасан. Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн байна. Мөн бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгажээ. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа дурдав.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Чингис хааны нэрийг архи, согтууруулах ундаа зэрэгт барааны тэмдэг болгож ашиглах тохиолдол их байгааг тэмдэглээд, Хүннү, Атилла гэх мэт эртний хаадын нэрийг замбараагүй ашиглах явдлыг цэгцлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж дээрх асуудалд холбогдох байгууллага хэрхэн анхаарал хандуулж буйг тодрууллаа.  Мөн Баян-Өлгий аймагт олон зуун жил хэрэглэж ирсэн газар зүйн байршлын нэрийг сольж байгааг цэгцлэх хэрэгтэйг хэлж байв. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, барааны тэмдгийн тухайд, архи, дарс үйлдвэрлэгчид "Чингис" гэсэн бүтээгдэхүүний загвар гаргах явдал элбэг байна. Энэ талаар ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхээ шийдүүлэхээр, УИХ-д өргөн барьсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгасан хэмээв. Тухайлбал, энэ төрлийн нэр болон бусад төрийн бэлгэ тэмдэг зэргийг ашиглахыг хязгаарлахаар тусгаж байгаа гэв. Гэхдээ өмнө нь барааны тэмдэг болгон авч зохиогчийн эрхийн хамгаалалт хийсэн бүтээгдэхүүний талаар ярих нэгэнт боломжгүй болсныг дурдлаа. Харин гишүүний хэлсэн газар зүйн байршлын нэр сольж байгаа асуудал нь эл хуулийн төсөлтэй холбоогүй, эрүүгийн хуулиар зохицуулагддаг хэмээн тайлбарлав. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, засаг захиргааны нэгж, газар усны нэрийг монгол хэлнээс өөрөөр нэрлэх асуудал гарах хандлагатай байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг УИХ саяхан баталсан. Уг хуульд, засаг захиргааны нэгж, газар усны нэрийг төрийн албан ёсны хэл буюу монгол хэлээр заавал нэрлэдэг байхыг хуульчилсан гэлээ. 

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

ҮЗЭХ: